“Тусгай замын автобус (Bus Rapid Transit-BRT)” төсөл нь нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг олон улсын жишигт нийцүүлэн шинэ шатанд гаргах зорилготой, тусгай эгнээгээр зорчих зориулалтын өндөр хүчин чадалтай автобусны систем юм.
“Тусгай замын автобус (Bus Rapid Transit-BRT)” төслийг Улаанбаатар хотод 2025-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Энэ хүрээнд урьдчилсан судалгаа, замын хөдөлгөөний ачааллын шинжилгээ, техник-эдийн засгийн үндэслэл, төслийн үзэл баримтлал тодорхойлох, санхүүжилтийн бүтэц, хэрэгжилтийн үе шатлалын төлөвлөлт зэрэг суурь ажлуудыг үе шаттайгаар гүйцэтгэж дууссан.
Одоогийн байдлаар төслийн нарийвчилсан ажлын зураг төсөл (Detailed Engineering Design – DED), барилгын ажлын хяналт (Construction Supervision – CS) болон нарийвчилсан үйл ажиллагааны төлөвлөгөө (Detailed Operational Design – DOD)-ийг боловсруулах хоёр багц зөвлөх үйлчилгээний тендэрийг 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Азийн хөгжлийн банкны (АХБ) журмын дагуу төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (tender.gov.mn) болон Азийн хөгжлийн банкны цахим системээр Олон Улсад зарласан. Тендерт оролцогчдын саналыг 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 09.00 цаг хүртэл хүлээн авч, одоогоор техникийн болон санхүүгийн үнэлгээний ажиллагаа үргэлжилж, богино жагсаалт (short list) үүсгэн тендерийн 2 дугаар үе шатыг эхлүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна. Энэхүү сонгон шалгаруулалтад гадаад дотоодын хамтарсан 23 байгууллага материалаа ирүүлжээ.
Дээрх сонгон шалгаруулалтын үр дүнд төслийн инженерийн нарийвчилсан шийдэл, техникийн иж бүрэн зураг төсөл боловсруулах мэргэшсэн байгууллагыг тодруулж, ингэснээр барилга угсралтын ажил эхлэх боломж бүрдэх юм.
BRT систем нь автобусны хөдөлгөөнд зориулсан тусгай замыг авто замын гуравдугаар эгнээнд төлөвлөсөн. Ингэснээр гэрлэн дохиотой уулзварууд дээр автомашины баруун болон зүүн эргэлтийн хөдөлгөөнд саад учруулахгүй, бусад тээврийн хэрэгслийн урсгал хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдэх юм. Мөн BRT систем нь автобуснууд уулзвар дээр ухаалаг гэрлэн дохионы системээр давуу эрхтэй нэвтрэх боломжтой тул хөдөлгөөний хурд, цагийн нарийвчлал мэдэгдэхүйц сайжирна.
Төсөл хэрэгжсэнээр нийтийн тээврийн үйлчилгээний хурд, найдвартай байдал эрс нэмэгдэнэ. Одоогийн байдлаар оргил ачааллын үед автобусны дундаж хурд 5-8 км/цаг орчим байдаг бол BRT ашиглалтад орсноор автобусны хөдөлгөөний хурд 4-5 дахин өсөж, дундаж хурд 20–25 км/цагт хүрэхээр тооцоолжээ. Ингэснээр иргэдийн ажил, сургууль болон бусад зорилгоор зорчих хугацаа мэдэгдэхүйц багасаж, нийтийн тээврийн үйлчилгээ илүү тогтвортой, цагийн хуваарийн дагуу ажиллах боломж бүрдэнэ хэмээн судалгаанд тодотгожээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна