Г.Отгонтуяа: 5 өмгөөлөгчтэйгөөр Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоно

Moderator
2 цаг 33 минутын өмнө

2024 оны зургаадугаар сард 16 болон 32 настай эмэгтэйн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан. Уг хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрөгч нэгдүгээр сарын 23-ны өдөр шийдвэрээ гаргаж яллагдагч Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноон Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан байдаг.

Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй тул Давж заалдах шатны шүүхэд хандаад байсан. Тэгвэл Давж заалдах шатны шүүх хурал 2026 оны тавдугаар сарын 1-ний өдөр товлогдож, таван өмгөөлөгчтэй оролцох болсон талаараа мэдээлэв.

Тэрбээр "Өнөөдөр Г.Отгонтуяа миний бие 2026 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Монголын ард түмэн, олон нийтэд, миний охин 16 настай Ч.Шинэсарангийн амь насыг онц хэрцгийгээр хохироосон гэмт хэргийн “Давж заалдах шатны шүүх хуралдаан”-д оролцох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох өмгөөлөгчдийн талаар мэдэгдэл хийж байна. Давж заалдах шатны шүүх хуралдаан 2026 оны тавдугаар сарын 1-нд болох тов гарлаа.

Миний бие “Анхан шатны шүүх”-ийн шийдвэрийг хүчингүй болгох, хэргийг “Анхан шатны шүүх”- д буцааж дахин Мөрдөн байцаалтад буцаахыг хүсэж давж заалдах гомдол гаргасан билээ. Охины минь амийг хөнөөсөн тэр аймшигт өдрөөс хойш даруй бүтэн 1 жил 10 сар буюу 22 сарын турш хэргийн үнэн мөнийг тогтоохын тулд олон олон өмгөөлөгчид, хуульчид болон Монгол төрийн удирдах албан тушаалтнуудтай уулзлаа. Миний уулзсан жирийн нэгэн иргэнээс авхуулаад төрийн өндөр албан тушаалтан хүртэл энэ аймшигт хэргийн үнэн мөнийг тогтоохын тулд надад сэтгэл санааны асар их дэмжлэг үзүүлж байлаа.

Монголчууд минь зөвхөн сэтгэл санааны дэмжлэг үзүүлээд зогсохгүй Хандивын аян эхлүүлж, онц хүнд гэмт хэргийн үнэн мөнийг тогтооход хууль зүйн туслалцаа үзүүлэх туршлагатай, мэргэшсэн өмгөөлөгч авах нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн гомдол бол ганц миний хүсэл биш Монголын ард түмний хүсэл, шаардлага гэдгийг би ихээр ухаарч байгаа.

Тиймээс сайхан сэтгэлт Монголчуудынхаа хандивласан хандивын мөнгөөр Анхан шатны шүүхэд ажилласан Б.Солонго, М.Баасанбат өмгөөлөгчдөөс гадна Монгол Улсын шилдэг, тэргүүний мэргэшсэн гурван өмгөөлөгчид болох Р.Булгамаа, Б.Баатарсайхан, З.Хүрэлсүх нарыг нэмж аван нийт таван өмгөөлөгчидтэйгөөр Нийслэлийн Давж Заалдах шатны шүүх хуралдаанд орох бэлтгэлээ ханган ажиллацгааж байна. Энэ онц ноцтой гэмт хэрэг бол зүгээр нэг гэмт хэрэг биш хүний алтан амь насны үнэгүйдэл, гэр бүлийн уй гашуу, нийгмийн шударга ёсны гажуудал, эмгэнэл юм. Миний туйлын хүсэл бол энэ хэрэгт хөндлөнгийн нөлөөгүй, бодит үнэн дээр тулгуурласан шударга шийдвэр гаргах юм.

Иймээс бид хууль, шударга ёсны хүрээнд бүх боломжийг ашиглан үнэн зөвийг тогтоолгохын төлөө тууштай ажиллах болно. 2026 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн анхан шатны шүүх хурлаар 16 настай ганц охин Ч.Шинэсарангийн минь амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэгт “Хамжигч”-аар оролцсон Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг гэм буруугүй хэмээн шийдвэрлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон" гэжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна