Сэлбэ голын даланг хүчитгэх, голын урсцыг сайжруулах, болзошгүй үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Сэлбэ сэргэлт” төслийг эхлүүлсэн. Энэ хүрээнд эхний ээлжид Натур орчимд 1.4 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетонон хийцтэй түшиц хана барих ажлыг өнгөрсөн оны зургаадугаар сарын 20-ноос эхлүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар 1.2 км түшиц ханыг барьсан бөгөөд үлдсэн ажлыг ирэх зургаадугаар сарын 30-нд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

Тус бүтээн байгуулалтын ажлыг “Билгүүн Монгол констракшн” ХХК хийж гүйцэтгэн, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг тавьж байна.

Ажлын явцын талаар “Билгүүн Монгол констракшн” ХХК-ийн Төслийн менежер Р.Дамба “Бидний гүйцэтгэж буй үерийн хамгаалалтын барилга байгууламж нь Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороог хамарч буй. Уг хороод нь орон сууцны хороолол ихтэйгээс гадна хотын гол гудамж, замуудын нэг. Иймд түшиц хана угсралтын үед Сэлбэ гол дагуу байрлуулсан кабель, дулааны шугам зэрэг их хэмжээний инженерийн шугам сүлжээний байгууламжуудаас үүдэн ажил удаашрах хандлагатай байгаа юм. Өнөөдрийн байдлаар түшиц хана барих ажил 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд үлдсэн ажлыг зургаадугаар сарын 30-нд дуусгахаар график төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Мөн замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр бетонон хийцлэлийн буюу цутгалтын ажлыг шөнийн цагаар хийж буй” гэлээ.

Түүнчлэн түшиц ханыг хийж дууссаны дараа голын голдирол тохируулга, угаагдлаас сэргийлэх хашлага хайс, чулуун бэхэлгээ хийх зэрэг ажлыг наймдугаар сарын 30-нд хийж дуусгахаар төлөвлөж байгааг НХОГ-ын Гидротехникийн хяналтын инженер Э.Одчимэг хэлж байлаа.

Тохижилтын ажлын талаар УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Түшиц хананы ажлыг дуусахаар цаг алдалгүйгээр тохижилтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Сэлбэ голын түшиц хана дагуух тохижилтын ажлын зураг төсвийг Хот төлөвлөлт, судалгааны институт хийж гүйцэтгэсэн. Одоогоор Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Барилгын хөгжлийн төвд магадлал хийгдэхээр хүлээгдэж байна. Тохижилтын ажлын хүрээнд ногоон байгууламж, амралтын хэсэг, гэрэлтүүлэг, явган хүний болон дугуйн замыг иж бүрнээр хийнэ” хэмээв.




ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Монголын Хүүхдийн ордны бүртгэл эхэллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна