Х.Нямбаатар: Сэлбэ дэд төв III, IV хороолол дээр “Өнөр” хорооллыг нэмсэн дайны том бүтээн байгуулалт болно

Moderator
2025/05/29

"Сэлбэ дэд төв"-ийн эхний ээлжийн 4400 орчим айлын орон сууцны бүтээн байгуулалт өнөөдөр эхэллээ.

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар “Өнөөдөр анхны жишиг “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэлж байна. Бид энэ бүтээн байгуулалтыг хийхийн тулд жилийн өмнө эхлээд эрх зүйн орчноо бэлдсэн. УИХ-аар Нийслэлийн Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, авто замын түгжрэлийг бууруулах тухай анхдагч хуулийг батлуулсан. Мөн Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулж, хөрөнгө мөнгө босгох эрх зүйн орчноо бэхжүүлсэн. Үүний дараа газар чөлөөлөх ажлаа эхлүүлж, олон улсын зах зээл дээрээс бонд босгож, санхүүгийн эх үүсвэрээ бэлдсэн. Зураг төсөв, ТЭЗҮ-ээ боловсруулаад өнөөдөр барилгын ажлаа эхлүүлж байна. Энэ богино хугацаанд чамгүй ажлуудыг амжуулж, олон хүний хүч хөдөлмөр шингэсэн ажил гараанаас гарч байна.
Сэлбийн бүтээн байгуулалт III, IV хороолол дээр “Өнөр” хорооллыг нэмсэн дайны том бүтээн байгуулалт болно. Өөрөөр хэлбэл нийтдээ 13 мянган айлын үйлчилгээтэй орон сууцны цогц төсөл болох юм. Бид энэ ажлыг 24 сарын хугацаанд барьж, гэр хорооллын агаар, хөрсний бохирдлоос ангижруулах зорилт тавьсан.

Энд баригдах орон сууцны хэрэглээний усыг зэс хоолойгоор шийдэж байгаа. Мөн дундын хэрэглээний эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчээр шийднэ. Тухайлбал нарны панелаар орцны гэрэлтүүлэг, лифт зэргийн эрчим хүчийг шийдэхээр төлөвлөсөн. Түүнчлэн Сэлбэ гол дээр хөв цөөрөм байгуулж үерийн усны тохируулга хийнэ. Хөв цөөрөмтэйгөө уялдуулж усны хаялга, борооны ус зайлуулах шугам, шуудууг нь угсарна.

Сэлбийн бүтээн байгуулалт хийгдэж буй орчимд өнөөдөр ерөнхий боловсролын 3 сургууль хичээллэж байгаа. Үүн дээр нэмээд гадаад хэл, техник, спортын төрөлжсөн хөтөлбөртэй 3 сургуулийг төслийн хүрээнд ашиглалтад оруулна. Харин сургуулийн өмнөх насны боловсролын тухайд 5 цэцэрлэг шинээр барихаар төлөвлөсөн. Мөн Монгол Улсын циркийг энд байгуулах талаар Соёлын яамтай зөвшилцөж, төлөвлөлтөө хийсэн гэдгийг хэлье” гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна