Баялгийн сангийн хууль эрх зүйн орчныг шинэчлэх талаар Монгол Улсын Засгийн газар 19 жилийн хугацаанд таван удаагийн оролдлого хийжээ. Үүнээс, Ерөнхий сайд М.Энхболд 2006 онд, Сү.Батболд 2009, 2011 онд, Ч.Сайханбилэг 2016 онд нийт дөрвөн удаа оролдлого хийж байжээ. Харин Л.Оюун-Эрдэнэ тав дахь удаагийнхаар нь гурван сантай Баялгийн сангийн хуулийг батлуулсан байна. М.Энхболдыг Ерөнхий сайд байх 2006 онд уул уурхайн орлого төсвийн ихээхэн хувийг эзэлж, ДНБ-ий гол бүтээгдэхүүн болсон үе буюу анх удаагаа ашигтай ажилласан. Ингэснээр зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварыг танилцуулсны үр дүнд анх удаа төсвийн илүүдэлтэй гарч, Монгол Улсын Хөгжлийн сан байгуулж, уг татварын орлогоо хэрэглэж эхэлсэн. Сү.Батболдыг 2009 онд Ерөнхий сайд болоод ганцхан сар болсны дараа Монгол улсын Хөгжлийн санг хуулиар хүчингүй болгож, “Хүний хөгжлийн сан”-гийн хуулийг баталсан. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлогоор ард иргэдэд амласан 1 сая төгрөгийг бэлнээр, өндөр настан, оюутнуудад бэлэн бусаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг эзэмшиж эхэлсэн. Сү.Батболдыг Ерөнхий сайд байх 2011 онд төсвийн шинэчлэл хийж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталж, Төсвийн тогтворжуулалтын санг байгуулсан. Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар ажиллаж байсан 2016 онд Ирээдүйн өв сангийн тухай болон Тогтвортой байдлын тухай хуулийг баталж, улмаар Төсвийн тогтворжуулалтын санг бий болгосон. 2016 онд Ирээдүйн өв сангийн тухай хуулийг бий болгоод АМНАТ-ийн 65 хувийг ирээдүйд хадгалж, 2030 он хүртэл ашиглахгүй байхаар шийдвэрлэсэн. “…2030 оноос хойш Баялгийн сангийн менежментийн корпораци байгуулж, цаашид хариуцан ажиллаж ирээдүйд хадгална” гэх зорилт тавин ажиллаж байна.
Харин Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар ажиллаж байх 2024 онд Баялгийн сангийн тухай хуулийг гурван үндсэн сантай баталсан. Ирээдүйн өв сан - Төсвийн тэнцвэржүүлсэн орлогоос давсан орлогыг ирээдүйд хадгалдаг. Хуримтлалын сан - Стратегийн ордын нийт 34 хувийн ногдол ашгийг шууд цуглуулж, эндээсээ иргэдэд шууд хүртээн боловсрол, эрүүл мэнд, үйлчилгээ, орон сууц гэх мэтэд зарцуулдаг. Хөгжлийн сан - Тогтворжуулалтын сантай уялдуулан тэнцвэржүүлсэн төсвийн давсан орлогын 50 хувийг тус санд нийлүүлнэ. Энд төвлөрсөн хөрөнгөөр тодорхой нэг мега төслийг санхүүжүүлэх зарчмаар явна. Өөрөөр хэлбэл, “…Ирээдүйдээ хадгалдаг, одоо хэрэглэдэг, хөрөнгө оруулалт хийдэг гэсэн гурван цогц зарчмаар ажиллах нь зүйтэй” гэж шийджээ. Уг хуулийн төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2014 оны хавар УИХ-д өргөн мэдүүлэхдээ “…Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна хэмээн хуульчилсан. Гэвч стратегийн 16 ордын долоо нь “Эрдэнэс Монгол”-ын харьяанд, мөн стратегийн нөөцөд бүртгүүлэхгүйн тулд нөөцийн суурь мэдээллийг нь өөрчилж, АМНАТ, татвараас нуугдсан их хэмжээний баялаг бүртгэлгүйгээр далд эдийн засгийг бүрдүүлэн оршиж байна. Үүнийг УИХ удахгүй болох нийтийн сонсголоор ил тод болгоно гэдэгт итгэлтэй байна. Энэ үйл явц мөн л нийгмийг нэлээдгүй бухимдуулах боловч 30 жилийг зөвөөр дүгнэхийн тулд иргэд, олон нийт зайлшгүй үүнийг мэдэх ёстой. Өнгөрсөн хугацаанд энэ бүлэглэлтэй мөргөлдсөн улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүд учир битүүлгээр амь насаа алдаж, эсвэл улс төрийн тавцангаас шахагдан зайлуулагдсаар ирснийг түүхэн баримтууд нотолно. Ордон дотор хүч мөхөствөл олон нийтийн дэмжлэг авч тэмцлээ үргэлжлүүлнэ гэж Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа хэлж байсныг Та бүхэн санаж байгаа биз ээ. МАНАН хэмээн томьёологдсон энэхүү системийг задлахын төлөө хатуу зогссон магадгүй сүүлчийн Засгийн газар ч байж магадгүйг нэрэлхэлгүй үнэнээр хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Шүүхийн шатанд бүлэглэлийн томилсон шүүгчдийн өмнө хүч мөхөстөж байгаагаа ч нуугаад яахав. Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө зарчмын шийдэл гаргах Баялгийн сангийн тухай хуулийн батлагдах үйл явц хялбар биш, ард түмэн Та бүхнийг анхаарлаа хандуулж, хэн нь хаана байгааг нарийвчлан дүгнэхийг, энэ хууль батлагдахад Ерөнхий сайдад олон нийтийн дэмжлэг одоо л хэрэгтэй байгааг, нам харгалзалгүй суурь зарчим дээр нэгдэхийг ард түмнээсээ Ерөнхий сайдын хувьд хичээнгүйлэн хүсэж байна” гэж байсан юм. Харин энэ хуулийг УИХ-аар баталж Засгийн газар хэрэгжүүлж эхлээд жил хүрэхгүй хугацааны дараа Ерөнхий сайд огцрохоор болж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна