Амласан МАН таргалж ард түмэн туйлдав

Moderator
9 цаг 17 минутын өмнө

“Хуримтлалын нэгдсэн сан”-гаар дамжуулж, нийгмийн даатгал төлдөг иргэн анх удаа орон сууц худалдан авахдаа урьдчилгаа төлбөргүй ипотекийн зээлд хамрагддаг тогтолцоог бий болгоно” гэх энэ  өгүүлбэр үнэхээр сайхан сонсогдож ходоод нь хоосон нэгнийг ч өег болгож байсан нь тэр үе бол 2020 оны 3 дугаар сар.

Мөн “Зорилтот бүлгийн иргэдийн орон сууцны урьдчилсан төлбөрийг бууруулах, чөлөөлөх үе шаттай арга хэмжээ авна”, “Анх удаа байр авч байгаа бага, дунд орлоготой иргэдэд 4-6 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл олгоно” гэж мөрийн хөтөлбөртөө бүр дугаарлаж байгаад ард  түмэндээ амлаж, саналыг нь авч байв.

Харин өнөөдөр бахь байдгаараа л байна. Мөрийн хөтөлбөрийнх нь биелэлтэд  олон түмэн “20-30 хувь л биелсэн” гэх үнэлгээг аль эрт өгчхөөд байхад  өөрсдөө “80-90 хувь биелсэн” гэж ёстой улайх ч үгүй ярьсаар байгаа нь МАН ямар дээрэнгүй, увайгүй юм бэ гэж харагдуулж байна.

Дээр өгүүлсэн 2020 оны 3 дугаар сард УИХ дахь МАН-ын бүлгийн  ажлын албаны дарга, МАН-ын мөрийн хөтөлбөр боловсруулах Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Энхтайван гэгч “... 2016 оны мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт хэр байна вэ...?” гэх сэтгүүлчийн асуултад

“Манай намын мөрийн хөтөлбөрийн биелэлт 80 орчим хувиар биелсэн  2012 онд дампуурлаа зарлах гэж  байсан эдийн засаг өнөөдөр 7 хувийн өсөлттэй байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд 8.2 их наяд төгрөгийн өр төлсөн. Гадаад валютын нөөцийг 4 дахин нэмэгдүүлж, 4 тэрбум ам.долларт хүргэсэн. Төмөр замаа өөрсдөө тавьж байна. “Газрын тос боловсруулах цогцолбор”, “Төв цэвэрлэх байгууламж” баригдаж, “Хийн хоолой”–н томоохон төслийг эхлүүлсэн” гэж бусдын хийснийг өөрсдөдөө нялзааж хадуурч байв. Гэсэн ч “Хамтдаа хөгжинө” гэсэн тэдэнд итгэж дахин сонгосон.  Харин өнөөдөр амьдрал улам уруудаж  МАН таргалж ард түмэн туйлдаж байна.

Гэсэн ч тэд  булт олны амьдрал хэр байгааг мэдэхийг бус сонгуульд өрсөлдөх тойрогтоо л прогноз хийгээд тун завгүй.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна