Мафийн нөхрийг төрөөс зайлуулъя

Moderator
2024/03/25

“Дэлхий дээр өнөөдөр ийм хямдхан мах, идэж байгаа, 1 ширхэг нь 1000 гаран төгрөгийн үнэтэй талхтай, 1 кг нь 1000 төгрөгийн үнэтэй гурилтай орон хаана ч байхгүй шүү. Үүнийг би баталгаатай хэлнэ...” гэж Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун ёстой л хадуурав.

Тэр дэлхийн улс орнуудын амьдралыг сайн мэддэг юм байж. Тэгвэл Монгол Улсынх нь иргэдийн амьдрал ямар байгааг үнэндээ мэддэггүй юм байна. Тэгээд ч өнөөдөр 1000 төгрөгийн үнэтэй талх Монголд байхгүй, 1 кг гурилын үнэ ч 1000 төгрөгөөс хол давж 3000 руу дөхсөн. Мах гэхэд үхэр, хонь, ямааных гэдгээсээ шалтгаалаад 9000-24.000 төгрөгийн үнэтэй байгаа.

Гэтэл Монгол Улсын төр түшилцэж буй энэ сайд ард түмнээ басамжлан доромжиллоо.

Хөнгөлөлттэй зээл авахдаа “Гурилын үнийг барина, тогтворжуулна…” гэж нулимс дуслуулахаас наагуур болж авсан. Гэтэл “Импортын гурилын татварыг тэгэлнэ” гэх сургаар барьц алдаж, амь тавихаас наагуур болохдоо ард түмнээ “Арчаагүй” гэх утгатай мэдээлэл цацсан нь ёс зүйтэй хүн гэдгээ ч харууллаа.

Угаасаа ч тэр нэг их ёс зүйтэй хүн биш. Угаасаа ч ашиг сонирхолын зөрчилтэй гэдэг энэ нөхрийг ийм чухал салбарын толгойлогчоор сонгох хэрэггүй байсан юм. Угаасаа сонгогчид нь ч гэсэн энэ нөхрийг сонгох бүр хэрэггүй байсан юм.

Яагаад...? гэж зарим нь асуух л байх. Тэгвэл энэ нөхөр чинь чинээлэг улсуудын авдаг цалин, ахуй хангамж, орчин нөхцөлийг Монголынхотойгоо харьцуулж ёстой л харь гарагийн юм ярьж байна.

Тэр жилийн өмнө “Манай улс  харин ч хямдхан мах иддэг шүү…” гэж хэлж ард түмний уур хилэнг бадрааж байсан удаатай. Тэгвэл тэр ард түмнээ дахин басалжилж, доромжиллоо.

Товчхондоо бол “Гурилын мафийн толгойлогч” энэ нөхрийг үтэр түргэн зайлуулах шаардлага нэгэнт үүсчихлээ. Тэгээд ч ард түмнийг доромжлох эрх хэнд ч байхгүй.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна