Photo Paparazzi ••• Онжавуудыг олон дурсамжаар аялуулсан дуучин, гитарчин О.Гантулгын “ОН ЖАВ” тоглолт нижгэр сайхан боллоо

Moderator
2024/03/20

Хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 18-нд Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой ёслол төгөлдөр болж өнгөрөв. Энэхүү түүхт өдрийг угтаж энэ сарын 16-нд буюу өнгөрсөн бямба гарагийн орой UB паласын концертын их танхимд дуучин, гитарчин Соёлын тэргүүний ажилтан О.Гантулгын анхны бие даасан “ОН ЖАВ” нэртэй тоглолт танхим дүүрэн үзэгчтэй, халуун дулаан энергитэй, онжавуудыг олон сайхан дурсамжаар аялуулж, сэтгэл хөдөлгөв. Тоглолт олон хүний хүч хөдөлмөртөй, нүсэр болж нийтдээ 180 орчим минут халуун дулаанаар үргэлжлэв. Алга ташилтыг тасралтгүй ташсаар яг аадар бороо орж байгаа мэт сонсогдох нь үнэхээр гоё. Тайз дэлгэц, амьд хөгжим, амьд харилцаа, амьд аялгуу дуу гээд үнэхээр тансаг бас торгон мэдрэмжтэй. Тоглолтыг үзэж байгаа үзэгчдийн олонх нь Онжавууд. Найзуудаараа доргиж, дарвиж байгаа нь гоё харагдав. Мөн хайртай аав, ах дүүгээ, халамжит ханьдаа эр цэргийн баярын бэлэг болгож “ОНЖАВ” нэртэй тоглолтыг үзүүлж байгаа бүсгүйчүүд ч байв.


Өөрийн гэсэн имижтэй, өөрийн гэсэн “өмчилсөн” уран бүтээлтэй О.Гантулга нь 30 гаруй дуутай аж. Ихэвчлэн төрийн алба хаагчдыг магтан дуулдаг аж. Тэрбээр эрийн хийморь хавыг гайхуулсан, эрхэт төрийн өмнө тангараг өргөсөн цагдаагийн алба хаагчдад зориулсан “Цагдаа” гэдэг уран бүтээлтэй. Залгуулаад “Застав” гэдэг сайхан уран бүтээлээ саяхан өлгийдөж авчээ. О.Гантулгын тухайд дуулахаас илүү дууны ая зохионо. “Ганцхан чамдаа”, “Үнэн үг”, “Мөрөөдөл”, Чамдаа гээд олон дууны аялгууг сэтгэлд хүртэл буюу “тултал” хийчихсэн догь уран бүтээлч.


О.Гантулга гэж уран бүтээлчийг яг хэзээнээс таньж мэдэх вэ гэж асуувал, одоогоос хэдхэн жилийн өмнө МҮОНР-ийн “Нарны жим” УСК-оор уран бүтээлийн гараагаа эхэлсэн тэрбээр өдгөө найман кинонд ажиллаж, хандивын тоглолтуудад идэвхтэй оролцон, цар тахлын хүнд хэцүү цаг үед иргэдийнхээ дархлааг дуу хуураар дэмжиж 20/20” контентыг бүтээж, үзэгчдэд хүргэжээ.

Урлаг хэмээн том айлд10 гаруй жил тасралтгүй ажилласан түүний уран бүтээлүүдээс “ОНЖАВ” дуу нь онцгой байдал, хугацаат цэрэг, батлан хамгаалах салбарын алба хаагчдын сүлд дүү болж чадсан тул “Монгол цэргийн баяр”-ын өдрийг тохиолдуулан ийнхүү анхны тоглолтоо “ОНЖАВ” гэж нэрлэж маш сайн, хариуцлагтайгаар амжилттай хийлээ хэмээн түүнд урам өгч бурам хүлхүүлсэн хүмүүс олон байгаа болов уу. Нэрийн хуудас нь болсон “ОНЖАВ” дуу нь олон ч хүнтэй найзлуулж, олон ч тайзан дээр гаргаж, олон ч хүний алга ташилт урамтай учруулсан гэдэгт эргэлзэхгүй болов уу.


Дуучин О.Гантулгыг гитаргүйгээр төсөөлөх аргагүй. Анх оюутны байранд байхдаа гитар тоглож сурсан гэдэг. Ерөөсөө л урлагт хайртай, урлагт хүчин зүтгэх өгөгдөлтөй төрсөн уран бүтээлч юм гэж дүгнэж болохоор. Дуу дуулна, дуу зохионо, кинонд дүр бүтээнэ, гитар тоглоно гэдэг есөн шидийн авьяастай, адтай залуу гэдэгтэй маргах хүн байхгүй дээ.


Олон үзэгчид түүнд хаягласан талархлын үг хэлхэж, өгүүлбэр бичсээр байна. Тэдний ихэнх нь “ОНЖАВ” тоглолтыг үнэхээр өөлөх юмгүй, СҮПЭР болсон гэж тодотгож дүгнэн бичжээ. Нээрээ л өөлөх юмгүй, нэг оройг дуу хуураар, дурлал хайраар, мөрөөдөл хүслээр, өнгөрсөн дурсамжуудаар аялуулж чадсан сайхан тоглолт байлаа.


Тоглолтод оролцсон, ая дуугаа өргөсөн уран бүтээлчид бас яах аргагүй харц булааж, зүрх сэтгэл догдлуулж байлаа шүү. Ардын дууг шаглаж дуулдаг аяа сайхан нар мэт мишээдэг ардын дууч Б.Алтанжаргал найзынхаа тоглолтод хүндэтгэлтэйгээр бас хариуцлагатайгаар оролцов. Яруу хамтралынх нь догдлох зүйлд нь хамт байв, сандрах зүйлд ч бас хамт байж чадав.

Яруу хамтралын гурав буюу О.Гантулга нь“Хангал догшиныг чихдээд номхруулдаг, Хазаар ногтгүй ч унавал уначихдаг

Ханийн хайрыг даасан шиг даачихдаг,

Халуу дүүгтэл хэлэхээ хэлчихдэг

Би жинхэнэ монгол

Билэг танхай хөдөөний хүн”.........гээд өөрийнхөө өвөрмөц хоолойгоор дуулахыг нь сонсоход “ваав” гэж дуу алдсан даа. Б.Алтанжаргалтай хамтарч хэд хэдэн уран бүтээл хийсэн. Дээрх дууг хамтарч дуулжээ. Мөн үзэгчдийн сонсох дуртай “Увертура”, “Мотив” хамтлагийнхан тоглолтын шигтгээ байлаа. Түүнээс гадна сүүлийн үед “Хайр эзэнтэй” дуугаараа сонсогч түмнээ байлдан дагуулаад байгаа П.Баярцэнгэл найзынхаа тоглолтод оролцож, тайзыг эзэгнэв. Араас нь залгуулаг уянгалаг яруу хоолойтой, эрхэмсэг тансагхан энхрийхэн дуучин Б.Баярцэцэг тоглолтын цэцэг, чимэг нь болов, гайхалтай гэхээс өөр юу хэлэх билээ дээ. Харин тоглолтын гол чиглүүлэгч буюу хөтлөгч нь хөгжилтэй жүжигчин Цоомоо байв.


Хөгжимчид, хоорчид, бүжигчид, уран нугаарчид, морин хуурчид, дуучид гээд бүгд күүл байсан шүү. Хамгийн гоё хараа булаасан үзүүлбэр бол агаарт уран нугарсан уран нугараач Э.Лхагва-Очирын хамтрагчтайгаа үзүүлсэн гайхалтай үзүүлбэр байлаа.

Мэдээж уран бүтээлч хүн ямар нэгэн уран бүтээлийг “төрүүлэхдээ” шатдаг бас айдаг эмээдэг байх. Дуучин залуугийн хувьд цаашдаа олон сайхан уран бүтээл хийнэ гэдгээ амласан. Орон нутгаа нар зөв тойрч, бүх аймгуудад тоглолтоо толилуулна. Цаашлаад хилийн чанадад сууж байгаа Монголчууддаа ч тоглолтоо хийх бодолтой яваа билээ. Залуу уран бүтээлчид урлагийн өндөр амжилт хүсье ээ. Янжинлхам бурхан ямагт ивээж явах болтугай.

Дашрамд дуулгахад, тэрбээр анхны бие даасан "ОНЖАВ" тоглолтоо ирэх 04 дүгээр сарын 12-ноос эхлэн бүх IPTV-ээр орон нутаг болон гадаадад суугаа үзэгчиддээ зориулан дуу, дүрсний өндөр чанартайгаар хүргэхээр болжээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна