Хакүхо хавчигдаж эхлэв үү

Moderator
2024/03/05


Хакүхо М.Даваажаргал хоёр зиндаа буурч, дэвжээгээ удирдах боломжгүй болсон. Мияагино дэвжээг хаврын башёд түүний оронд Тамагаки удирдана.
Хакүхогийн хувьд Хокүсэйхо Э.Даваанинжийн асуудлаас болж энэ удаа Сүмогийн холбооноос хариуцлага хүлээсэн.
Э.Даваанинж дэвжээнийхээ залуу бөхчүүдийг олон удаа зодож, дээрэлхсэн, ингэхдээ өсвөрийн хоёр бөхийг шүүрний ишээр бөгс, нүүр, нуруу, төмсөг рүү нь цохиж, хортон шавж устгадаг бодис цацсан, үүнийгээ долоо хоногт 2-3 удаа давтдаг байсан нь тогтоогдсон. Мөн бусдыг бие засах өрөөнд гурван цаг түгжиж, 20 ширхэг бургер идүүлсэн, хүүхдүүдийн хэтэвч, хуруунд нь супер цавуу нааж, дээрэлхдэг байсан нь илчлэгдсэн.
Тиймээс Э.Даваанинжийг сүмогоос хөөж, Хакүхо М.Даваажаргалд хариуцлага тооцсон нь энэ.
Хакүхо М.Даваажаргалын хувьд Мияагино дэвжээг удирдахын тулд Монгол Улсын иргэншлээс татгалзсан гэж нэг үе шуугьж байв.
Хакухо 2007 онд гурван жил үерхсэн Япон улсын загвар өмсөгч Сайоко Вада-тай гэрлэсэн бөгөөд М.Даваажаргалыг дэвжээ өвлөн ояката болох ганцхан зорилгоор Монгол Улсын иргэншлээс татгалзаж, 2019 онд Япон Улсын иргэн болсон билээ.
Харин одоо дэвжээ удирдах эрхгүй болсон түүнийг сүмогийн ертөнцөөс ч арчиж мэдэхээр асуудалд ороод байна.
Учир нь, Хакүхо М.Даваажаргал хэдэн жилийн өмнө Монгол бүсгүйтэй гэр бүлээс харилцаатай байсан тухай Японы хэвлэлүүдээр цацагдаж эхэлжээ. Тэр бага ангид хамт сурч байсан найзынхаа дүү М гэх Япон сурдаг оюутан эмэгтэйтэй харилцаа үүсгэсэн ба Шибүяа дүүрэгт орон сууц түрээсэлж өгөөд, өөрөө ч амралтын цагуудаар сэм оччихдог, бүр 2017 онд хамтдаа авхуулсан зураг нь ил болж байсан нь ч өдгөө дахин дэгдээд байгаа юм.
Өөрөөр хэлбэл, Хакүхо дэвжээгээ удирдах боломжгүй болсны дээр гэр бүлээс гадуурх харилцаа нь сөхөгдөж, олон нийтэд дахин илчлэгдэж байгаа нь хатуу, чанга зарчимтай Японы Сүмогийн хувьд тун ч эмзэг сэдэв боловч монголчуудын хувьд иргэншлээ хүртэл сольсон М.Даваажаргал аварга хавчигдаж байгаа юм биз гэх хардлага бүхий мессеж нисгэх болжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна