Авлига өгсөн А.Адъяасүрэнг яг хэн хамгаалаад байна вэ

Moderator
2024/02/20

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласан ч албан тушаал нь арай жулдчихлаа. 

Хүний, өөрийн нам гэлгүй толгой дараалан шалгана гэж хэлээд МАН-ын хэд, хэдэн гишүүнийг парламентын танхимаас шүүхийн танхим руу илгээсэн. 
Тэр байтугай Ерөнхий сайд “Далд эдийн засаг цэгцлэхэд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин тэлэхээр байгаа юм. Тухайн газарт олон автомашин бий. Автомашинд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгээс эхлээд нэр бүхий гишүүд холбогдсон. Цаана нь нөлөө бүхий том лидерүүд байгаа” гэж ам алдсан. 
А.Адъяасүрэн ч өөрөө нүүрсний хэрэг биш авлигын хэрэгт холбоотой гэдгээ хүлээн зөвшөөрч хэвлэлийнхэнд ярьсан. Ингээд ч зогсохгүй А.Адъяасүрэн болон түүний хамаарал бүхий хүнээс авлига авсан АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан  Г.Доржпалам нь АТГ-т 100 мянган ам.доллар авснаа аль хэдийн хүлээчхээд байгаа шүү дээ. 
Энэ нь өнгөрсөн удаа болсон “Нүүрсний сонсгол”-ын үеэр яригдсан Монгол Улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан 5.2 сая тонн нүүрсний асуудалтай холбоотой. Тухайн үед УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнгийн хамаарал бүхий “Далангол”, “Дагалай шарга наян найм транс”, “Топ транспорт”, “Хишиг сайхан ундрах”, “Дайлангийн хишиг тээвэр”, “Прайд транс”, “Ивээл сар транс” гэсэн долоон компани нүүрс тээвэрлэхдээ улсын хууль дүрэм зөрчсөн байж болзошгүй гэдгийг шинжээч дүгнэлтдээ дурдаж байсан билээ. 
Гэтэл өөрийгөө нүүрсний хэрэгт холбоогүй гэдэг УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн хувьд авлигын хэрэгт холбогдогч гэдэг нь тодорхой харагдахын зэрэгцээ хуулийн байгууллагууд баталсан ч эцсийн шатандаа очоод гацчихдаг нь сонирхол татаж байгаа юм. 
Өөрөөр хэлбэл түүний холбогдсон хэрэг өнөөг хүртэл эцэслэн шийдэгдээгүй яваа нь Ерөнхийлөгчтэй ч холбоотой байж мэдэх нь. Учир нь, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, түүнээс тусламж гуйсныг ойрын хүрээнийхэн нь шивэр авир хийж байна. 
Өөрөөр хэлбэл, нүүрсний сонсголоор авлигын хэрэг нь дахин ил болчихоод байхад мань А.Адъяасүрэн ямар ч гэм зэмгүй өнөөдрийг хүрч дараагийн УИХ-ын сонгуульдаа бэлдээд тун завгүй яваа нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээлд багтсан нь үнэн эсэхийг түүнээс өөр хэн ч мэдэхгүй. 
Гэхдээ төрийн тэргүүний хувьд арай ч бас авлигачин гишүүнийг хаацайлаад өнгөрчихгүй байлгүй дээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна