Монголчуудын сар шинийн баяртай давхцан “Дүүжин тээврийн төслийн барилга угсралтыг 3 дугаар сард эхлүүлнэ” гэх мэдээлэл түгэв

Moderator
2024/02/14

Монголчуудын сар шинийн баяртай давхцан “Дүүжин тээврийн төслийн барилга угсралтыг 3 дугаар сард эхлүүлнэ” гэх мэдээлэл түгэв. Сайхан мэдээ. Ёстой л чихэнд чимэгтэй, дотно бас өег.

Нийслэлчүүд маань авто зам дээрээ хонох дөхөж “ТЭГ” зогсолт байн байн хийсээр хаа хаанаа залхаж байгаа ийм үед  сайхнаар барах уу даа.

Дүүжин тээвэр” биеллээ олж гэмээнэ Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлж, дэд төвүүдийг хооронд нь холбож, авто замын түгжрэлийг бууруулж, агаарын бохирдлыг багасгаж, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго биелж буй нь тэр.

Эл мэдээллийн бас нэгэн чихэнд чимэгтэй, сонсголонтой нь барилга угсралтын ажлыг ирэх 3 дугаар сард эхлүүлж, 2025 онд бүрэн дуусгахаар төлөвлөсөн бөгөөд Франц улсын нэн хөнгөлөлттэй зээлээр тус улсын “Пома” групп уг төслийг  хэрэгжүүлнэ. Тус групп нь 88 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буйн зэрэгцээ дэлхийн 90 гаруй оронд 8000 орчим дүүжин замын систем байгуулсан туршлагатай гэж байгаа.

Мэдээж  90 орчим жилийн туршид ямагт хөгжиж дэвшиж ирсэн учраас өнөөдөр ч үнэ цэнтэй, нэр хүндтэй хэвээр буй нь ойлгомжтой. Юутай ч монголчууд тэр тусмаа нийслэлчүүд 2025 он гэхэд “Дүүжин тээвэр”-ээр зорчдог, их хотдоо түгжирдэггүй болох нь.

Гэхдээ 2019 онд яригдаж эхэлсэн шигээ л замхарчихгүй бол шүү дээ. Тухайн үед Монголд “Дүүжин тээвэр” хийгдэх гэж байгаа тухай мэдээлэл дэлхий даяар тарсан ч 2020 оны сонгуулийн  дараа сураг алдарсныг гадаадын хэвлэлүүд онцолж “Сонгуульд ялах нэг арга нь байж...” хэмээн бичиж  байв.

Харин одоо ийм явдал давтагдахгүй. Яагаад гэвэл энэ төслийн хэрзэрэг урагштэй эхэлж, явж байгаагаа нь сонгуулийн дүнд  хүссэн ч эс хүссэн ч их бага хэмжээгээр нөлөөлнө. Нөгөөтэйгүүр эл сайхан мэдээ сар шинийн баярт дарагдсангүй. Хаана золгуут болж байна тэнд “Ирэх жил чинь сайхан “Дүүжин тээвэр”-ээр зорчоод, түгжрэлгүй бүр сайхан шинэлнээ, бултаараа” гэцгээж байв. Тэгээд ч амны бэлгээс ашдын бэлэг гэдэгчлэн тэнгэр язгууртай хэмээгддэг бид чинь Луу хэмээх тэнгэрийн энэ хүчтэний жилд агаараар зорчдог болох нь байна шүү.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна