Ц.Хулан: Маш нууцын зэргээс энэ хэргийг гаргаж өгөөч

Moderator
2023/12/28

461 дүгээр ангид хоригдож буй Ц.Хулан шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлжээ. 

-Цантай хүйтэн өвлийг сөрж, цагийн жаварт хайрагдан, жаргаж зовж яваа монголчууд минь ээ! Шинэ жилийн энэ цаг дор та нарыгаа маш их санах юм. Айлууд элэг бүтэн, хүн болгон нэр бүтэн, улсын маань тусгаар тогтнол бүрэн бүтэн байж, ирж буй 2024 он та бидний хувьд сайн сайхныг бүтээх аугаа их өөрчлөлтийн жил болох болтугай.

Өмөлзтөл өмөөрдөг, өндөр тэнгэрийн од шиг өнөр олондоо хайртай шүү. Өөрийн минь тухай юу ч мэдэхгүй хэрнээ өөтэй хатуу үг чулууддаг цөөхөн хүмүүст ч дутахгүй хайртай. Та нар байдаг тулдаа цагаан хартай орчлонгийн жам тэгширдэг юм.

Би Монголынхоо соёл иргэншлийн аюулгүй байдлын төлөө хэр чинээгээ мэдэхгүй том дуугарч байж торонд орсон юмдаг уу даа. Төрт ёсыг уландаа гишгэсэн зарим улстөрчид үлэмж их мөнгөний барьцаанд гадаадын гүрнээс шашны эрх чөлөөний хууль гэгчийг оруулж ирсэн нoцтой баримтын мөрөөр орж, 2018 онд УИХ-ын босгон дээрээс буцаасныхаа шанг би хүртсэн шиг байна. Хууль “импортолсон” чухамхүү тэдгээр улстөрчийн нэг нь намайг урд хөршийн, үндэс угсаа нэгт хэл соёлын эрдэмтэд гэж танилцуулсан хүмүүс тагнуул байсан юм байх аа. Сэтгүүлчид, ер сэтгэдэг хэн бүхэн үүнийг эргэцүүлнэ биз ээ.

Газар нутаг, орд баялгийн хуулиуддаа бид сонор соргог хандаж чадаагүй. Одоо оюун санаа, тархи зүрх болсон шашны хуулиа бид яавч алдаж болохгүй. Үүнээс л үүдэн, “Төрд шүгэлсэн зэтгэр”, “Аравдугаар богдын наймаа” нэвтрүүлэг хийж, Далай ламд захидал бичсэн минь “бурууджээ”. Түүнчлэн баяд ноёд, дээдэс мяндагтын хүрээллээс Богдыгоо өлгийдөхгүй, хэлмэгдсэн эгэл мэргэд, жирийн олны дундаас л тодруулъя гэсэн ардач үзэл минь ч үүнд нөлөөлсөн. Үүгээр яллаж болох уу. Өөр гэмт хэрэг надад юу ч байхгүй. Манай дөрвийн дөрвөн хуульч өмгөөлөгч “Ц.Хулангийн хэрэг гэмт хэргийн бүрдэлгүй, хэрэгсэхгүй болгоно уу” гэж хоёр шүүх хуралд оролцоод барсангүй.

Иймд эрх журмын дагуу тус хэргийг хяналтдаа aвахыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс хүсч, өмгөөлөгчид хандаж байгаа. Төрийн нууц задруулаагүй, дамжуулаагүй, улсыг завшаагүй, мөнгө санхүүгийн ямар ч хохирол учруулаагүйг минь тунгаан болгоох буй заа. Маш нууцын зэргээс энэ хэргийг гаргаж өгөөч.

Авлигачид шагайж ч үзээгүй шоронд амт муутай гэж хоолоо голсонгүй, ааш муутай гэж дарга цэргээ ховлосонгүй. Ам үдээтэй бүтэн жил болжээ. Олныхоо дунд олон ч юм үзэж, сонсов. Гэнэн, мартамтгай, эвлэн нэгдэж чаддаггүй ард олон та нартаа цаг нь ирэхэд би дуулгана. Сэтгүүлчийн үзэг минь зэврээгүй. Сэтгүүлчдээ хорьж цагдахаа болиоч ээ.

Санах ижий аав, сарвайх үрс, уярах хайр, унших ном, тэрсэлдэх дайсан, тэмүүлэх эх оронтой хүн би юунд гуних вэ. Бүхнийг даагаад гарна. Миний шүлгийг нь бичсэн, Т.Ариунаагийн дуулсан “Цасан аялгуу”-н дор болор хундага харшуулан намайгаа нэг дурсаарай даа!

Сайхан баярлаарай.

МУСГЗ Цоодолын Хулан. 461 дүгээр ангиас,

XII сар.


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.22
    2023/12/28

    хөлс мөнгөөр хамтарч ажилласан тал руу нь оруулчихдаг юм болоод бна.мөнхбаяр гээд нөхрийг бас яг ижил ийм байдлаар шийтгэсэн.

    Хариулах
  • 66.181.178.22
    2023/12/28

    Дэлхийн ихэнх оронд “гадны агент(төлөөний этгээд)-ын тухай хууль”гэж бдаг.тухайн улсын иргэн гадны лобби хийх тухай асуудлыг хуульчилж өгсөн хэрэг.гадны лобби хийх тохиолдолд тусгай зөвшөөрөл аваад,байнга хийж бгаа ажлынхаа талаар тайлан гаргаж өгөх,татвар төлөх зэрэг асуудал юм.бас”гадны агент”гэдэг статус аваад,тэрийгээ байнга зарлаж мэдэгдэж явах үүрэгтэй болдог.манайд тийм хуулийн орчин байхгүй болохоор нөгөө гаднытагнуул туршуултай

    Хариулах
  • 103.212.118.50
    2023/12/28

    Yamar hereg yum boloo? Nyamdorjiig ingej bailuu? Tegej sanagdah yum Har tsagaaniig yalgah boltugai

    Хариулах
  • 103.212.118.50
    2023/12/28

    Hurelsuhiin huuhen shdee yu l bolood bnaa?

    Хариулах
  • 59.153.114.185
    2023/12/28

    Сайн сууж байна уу? Та. Хүчтэй байгаарай. Ямарч байсан учир нь олдоно гэдэгт итгэж явдаг.

    Хариулах