Энэ оны дэлхий нийтийн ОНЦЛОХ үйл явдлууд: Газар хөдлөлт, дайн, хүн ам, титаник

Moderator
2023/12/27

2023 онд дэлхий нийтэд болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Нурангин доорх амьдрал


2023 оны 2 дугаар сард Турк, Сирийг дамнасан хүчтэй газар хөдлөлт болсон нь дэлхий нийтийг цочирдуулсан үйл явдал болсон билээ.

Дэлхийн олон орнууд Турк руу аврах баг илгээн, Туркийн ард түмэнд тохиолдсон байгалийн гамшгийг даван туулахад дэмжлэг болохоор тусламжийн гараа сунгасан байдаг. НҮБ-аас гаргасан мэдээллээр уг газар хөдлөлтийн улмаас нийт 50 мянга гаруй иргэн амь насааа алдсан бөгөөд үүнээс 6 мянга нь Сирид бүртгэгдсэн байна гэжээ.

Мөн Дэлхийн банк “Газар хөдлөлтийн улмаас Туркт учирсан хохирлын хэмжээ 34.2 тэрбум ам.долларт хүрсэн” гэж мэдээлсэн байдаг.

Уг үйл явдалтай холбогдуулан Туркд чанаргүй барилга барьсан, чанаргүй барилга хүлээн авсан хэрэгт холбогдуулан маш олон хүмүүсийг шүүхэд дуудсан юм.

200 жилийн дайн

Палестины ХАМАС бүлэглэл 2023 оны 10 дугаар сарын 7-ны өглөөний 06:00 цагт  Израиль руу агаар, газар, далайгаас 3000 орчим пуужингаар гэнэтийн дайралт хийснээр хоёр тал дайны байдалд шилжив.

ХАМАС-ын Израиль руу пуужингаар дайрсныг АНУ, Европын Холбоо, Герман, Франц, Их Британи, Итали, Швейцарь, Унгар, Украин, Энэтхэг зэрэг улс буруушааж байсан бол Иран палестинчуудыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байдаг.

Харин ОХУ болон БНХАУ уг мөргөлдөөнд төвийг сахих байр суурь илэрхийлж байгаа юм.

Дайн эхэлснээс хойш 20 мянга гаруй хүн амь үрэгдсэн гэх мэдээлэл бий.

Хамас бүлэглэл нь байгуулагдсан цагаасаа хойш Израилийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байгаагүй бөгөөд тус бүлэглэл болон Израилийн хоорондох дайн нь геополитикийн харилцаанд хэний ч таамаглаж байгаагүй үйл явдал болсноороо дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа юм.

Энэтхэг дэлхийн хамгийн их хүн амтай улс болов


2023 оны 4 дүгээр сарын байдлаар "World Population Review" (WPR) хараат бус байгууллагаас нийт хүн амын тоогоороо Энэтхэг улс БНХАУ-г гүйцэж түрүүлсэн талаар мэдээлэв. Үүгээр зогсохгүй Энэтхэг улс нь хүн амын бүтцэд суурилсан эдийн засгийн асар их нөөц бололцоотой улс хэмээн зүй ёсоор тооцогдож байна.

Титаникийг үзэх гэж яваад эргэж ирээгүй


2023 онд “Гүүгл”-ээс хамгийн их хайлт хийгдсэн мэдээллийн жагсаалтыг Атлантын далайн ёроолд байх Титаникийн үлдэгдэл хэсгийг үзэх гэж яваад эргэж ирээгүй “Титан” шумбагч онгоцны талаарх мэдээ тэргүүлжээ.

Тус шумбагч онгоц 5 хүний бүрэлдэхүүнтэй явсан бөгөөд багт хөрөнгө чинээ ихтэй, нөлөө бүхий багтаж байснаараа олны анхаарлыг ихэд татсан. Харамсалтай тэдгээр 5 хүний аль нь ч амьд үлдэж чадаагүй бөгөөд шумбагч хөлөг хүчтэй дэлбэрэлтэй улмаас сүйрсэн нь ил болсон юм.

Эх сурвалж: CNN, BBC, Reuters, The Guardian


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна