​Гол "тоглогчоо" хорьж байгаад хэнээс юу сонсох гээв

Moderator
2023/12/07

УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нүүрсний сонсгол үргэлжилж байна. Өчигдөр “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах хэсэг явагдсан. 

Хачирхалтай нь, хэргийн гол эзэн байх магадлал хамгийн өндөр Б.Ганхуягийг гэрчээр дуудсан ч сонсголд оролцуулсангүй. Саяхан Хөдөлмөрийн баатар гэж дуудагдаж, хүндлэгдэж явсан Б.Ганхуяг өнөөдөр яллагдагч болчхоод, олон нийтийн өмнө холбогдсон хэргийнхээ гэрчээр үг хэлэх ч эрхгүй болчхоод байна. 

Арга ядахдаа Б.Ганхуяг “Миний бие сонсголд гэрчээр дуудагдсан. Би өөрийн биеэр сонсголд гэрчээр оролцох хүсэлтэй байна. Би одоо Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд хүлээгээд сууж байна. Хүсэлтийг хангаж өгнө үү” хэмээн сонсгол ахалж буй ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт хандсан байна. 

Мөн Б.Ганхуягийн гэр бүлийнхэн өнөөдөр хэвлэлийн хурал зарлаад байна. Түүний эгч Б.Нарантуяа “Миний дүү есөн сар хоригдож байна. Ноцтой мэдээлэл хийснээс долоо хоногийн дараа бие нь муудаж эхэлсэн. Есдүгээр сарын 23-нд даралт нь ихсэж, бөөлжсөн. Улмаар тав хоног 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтсэн байдаг. Мөн Б.Ганхуяг долоо хоногийн өмнө "Сонгдо" эмнэлэгт дөрөв хоног хэвтсэн. Эрүүл ахуй, хор судлалын лабораторид өгсөн шинжилгээгээр маш ноцтой зүйл илэрсэн. Б.Ганхуягийн үснээс авсан шинжилгээгээр хүнцэл, хар тугалга хэт өндөр хэмжээтэй буюу 9.6 хувийн хүнцэл илэрсэн. Энэ нь үхлийн хэмжээтэй тун юм байна. Хүнцэл гэдэг нь химийн маш хүчтэй хор. Өөрөө эмчийн шинжилгээний дүнг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч эмнэлэг, эмчийн шинжилгээний дүгнэлтэд итгэх ёстой биз дээ. Миний дүүг хордуулсан байна гэж бид хардаж байна.” гэж байна билээ. 

Түүнчлэн тэр “Энэ хүний амыг хаах гэсэн бүлэглэл байна. Б.Ганхуягаар ерөөсөө үг хэлүүлэхгүй байгаа. Сонсголд оруулна гэсэн ч оруулсангүй. Б.Ганхуяг үхчихвэл хэргийн гол эзэд чимээгүй өнгөрнө гэж бодож байгаа байх. "Миний дүү биедээ анхаараарай, үхэж болохгүй шүү” захиж байгаа аж. Мөн гэр бүлийнхэн нь өмнө нь ХЭҮК-т хандаж байсан бол одоо олон улсын хүний эрхийн байгууллагуудад хандана” гэж байна билээ. 

Үнэхээр тэд хүнээ, дүүгээ бодож байгаа. Харин хэргийн гол учгийг тайлах Б.Ганхуягийг хэн, яагаад сонсголд оролцуулахгүй байна вэ. Түүнгүй сонсголоос ямар үнэнийг орхигдуулж, дарах гэж байна вэ. 

Сонсголыг ахалж буй ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өчигдөр Хяналт шалгалтын түр хорооны даргын хувьд УИХ-ын гишүүн С.Ганбаатарт даалгаж байна билээ. Гэхдээ нүүрсний хэрэгт эхнэрийнх нь нэр холбогдчихоод байгаа С.Ганбаатар гишүүн ““Нүүрсний хулгай”-н хамгийн том гэрчийг хууль хяналтынхнаас гуйж мөргөөд ч хамаагүй сонсголд авч ирнэ” гэж хэлсэн шигээ авч ирэх болов уу.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна