​ Засгийг зайдагнасан, завхарсан бизнесмэнүүд...

Moderator
2023/11/28

Хөөрхий монголчууд Засгийн газартаа найдаж, цаадуул нь намдаа ахиухан мөнгөн хандив өгсөн гишүүдээ сайд болгож, горыг нь энгийн иргэд хүртсээр, хордсоор, хөлдсөөр, хохирсоор байна.
Тухайлбал, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн. Нэгэнтээ “Багшаа, хүний хөрөнгийн сав дүүрнэ гэж байх уу” хэмээн ламын багшаасаа сураглаж суусан бас л шуналтай хүн шүү гэх үг амнаас ам дамждаг нь үнэн бололтой.
Гэхдээ Б.Чойжилсүрэн сайдын шунал хөрөнгө мөнгөөр хязгаарлагдахаа байж, Засгийн газрын сайд байх албан тушаалын шуналаа татаж чадахаа аль хэдийн больсон. Тиймээс ч Эрчим хүчний сайд болсон.
Болоод дээрдсэн зүйл огт алга. Өнгөрөгч 2019-2020 оны өвөл нийт 2.568 хүн угаарын хийнд хордсоны 15 нь нас барж, бусад нь эмнэлгийн тусламж авч байсан баримт бий.
Гэтэл 2023 оны эхний есөн сарын байдлаар 53 иргэн угаартаж нас барсан гэх мэдээллийг Хордлогын төвийн эмч өгсөн байдаг.
Энэ аймшигтай тоо мэдээж өнөөх сайжруулсан шахмал түлшнээс болж байна. Цаг уур орчны шинжилгээний газрын мэргэжилтний ярьж буйгаар бол РМ2.7 нь 58 хувь, РМ10 нь бараг л 60 хувь буурсан аж. Гэхдээ азот нь хэвээрээ, хүхэрлэг хий буюу хүхэр нь 2 дахин ихэссэн. Энэ мэтээс болоод иргэд угаартаж, агаарын бохирдол чинь буурахгүй байгаа юм биш үү, Б.Чойжилсүрэн сайд аа.
Эрчим хүчний асуудлаа цэгцэлж чадахгүй байгаагийн дээр Засгийн газар Түгжрэл хариуцсан сайдаар бас нэг бизнесмен томилчихсон. Тэр нь Б.Дэлгэрсайхан.
Сонгогдсон тойрог Дорноговь аймгаа “усалж” явсан түүний хувьд хотыг түгжрэлгүй болгоно гэдэг үлгэр өөрт нь ч түй падгүй асуудал.
Нийтийн тээврийн хүртээмжгүй байхад иргэдээ автобусанд суулгаж сургах тухай ярьж байгаа хүнээс бид юу ч хүлээх вэ дээ.
Ахиулаад харвал, Засгийн газар түүхэн шийдвэр гаргалаа, ирэх онд метроны ТЭЗҮ хийгдэж, 2028 онд ашиглалтад оруулна гээд жишимгүй ярьж байна билээ.
Энэ нь бас л үлгэр. Өнөөдөр Монгол Улс эрчим хүчнийхээ 20 хувийг ОХУ-аас импортолдог. Тэгэхээр метрогоо хэрхэн ашиглалтад оруулах вэ гэдэг нь сонин биз.
Гэлээ гээд Б.Дэлгэрсайханыг Түгжрэлийн сайд болчих гээд МАН-ын “томчууд” бараг гуйчихсан болохоор цаадах нь зүгээр л шийдвэр дамжуулагчийн үүрэгтэй л сууна.
Нэгэнт түгжрэлдээ бухимдаж сууж байтал цаана чинь шатахуун, түлшний хомсдолд нэрвэгдчихлээ. Бас л “баавартай” бизнесмен Ж.Ганбаатарын балаг. УУХҮ-ийн сайдын хувьд шатахууны нөөцөө бэлтгэхийн оронд худлаа ярьж, одоо үнэнд гүйцэгдэж байна. Тэр дөнгөж өчигдөрхөн /2023.11.27/ “Хоригоос хойш арваннэгдүгээр сарын 23-ны байдлаар 95 мянган тонн дизель түлш импортоор орж ирсэн. 80 гаруй мянган тонн бүтээгдэхүүн нь ОХУ-аас орж ирсэн. Өнөөдөр яагаад ийм байдал үүсэв гэхээр бид хоригтой, 21 хоногийн энэ хугацаанд нэг ч тонн дизель түлш, А-92 орж ирээгүй, бүх юмаа шавхсан. Бүгдээрээ тав, зургаан хоног ОХУ-аас орж ирсэн дизель дээр тэсэх хэрэгтэй байна” гээд ярьж байх юм.
Чухам яаж тэсэх вэ. Хөдөө, орон нутагт малчид нүүдэл хийх, өвс, тэжээл байтугай уруудсан малынхаа хойноос ч явах чадамжгүй болчхоод байна. Тэнд дизель түлш тасраад олдохоо байсан. Тэр 5-6 хоногийг чинь хүлээсээр малчид нь ч хөлдөж, осгож, амиа алдах нь байна.
ОХУ есдүгээр сард хориг тавихад Ж.Ганбаатар сайд л “ОХУ-ын Засгийн газрын тогтоол гарч, арилжааны бензин дизель түлш экспортлохыг түр хугацаагаар хориглосон. Уг тогтоол нь ГХЯ-аар албажаад УУХҮЯ-нд ирсэн. Евро Азийн гаалийн кодын ангиллаар заасан зарим нэр төрлийн дизель түлшийг экспортлох боломжтой. Тэгэхээр энд Монгол Улс руу Роснефть компанийн экспортолдог дизель түлш багтах боломжтой гэж харж байна. Эцсийн шийдвэр ихдээ хоёр хоногийн дараа гарах байх.” гэж ярьж байсан.
Түүнээс хойш хэдэн хоёр хоног өнгөрч монголчууд шатахуун, түлшний хомсдолд орчхоод байгаа билээ дээ.
Ингээд харахад энэ Засгийн газарт иргэдээ гэх сэтгэлтэй тун ч ховор байгаа нь энэ хэдэн бизнесмений үг, үйлдлээс төвөггүйхэн харагдаж байна, эрхэм Ерөнхий сайд минь яана даа, бүгдээрээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.100.210
    2023/11/30

    энэ хүүрнүүдэд Монголчууд ямар өртэй юм бэ эд нарыгаа шоронд нь хийгээчээ

    Хариулах