Ам.долларын ханшийн өсөлтөөс шалтгаалж хэрэглээний сагсан дахь бүтээгдэхүүний үнэ улам өсөх болов. Энгийн иргэдийн хамгийн ихээр үйлчлүүлдэг хүнсний захууд “Ам.долларын ханш өсчихөөд байна” гэсэн тайлбартайгаар барааныхаа үнийг нэмсээр байна. Гэтэл төгрөгийн ханшийг тогтвортой барьж, ард иргэдийн халаасан дахь мөнгөний үнэ цэнийг хамгаалах учиртай Төв банк “Ажиглаж байна. Ханш одоо өсөхгүй” гэх тайлбараа хийсэн хэвээр байгаа юм.
Ханш үргэлжлэн өсөхгүй гэж бодъё. Энэ хэвээр 2570 орчим төгрөг дээр тогтсон ч дагаад хар захынхан барааныхаа үнийг буулгахгүй. Бас хэн ч “Үнээ буулга” гэж шаардахгүй. Ханшийг тогтвортой барьж чадаагүйн гол уршгийг ард түмэн ингэж амсдаг билээ. Энэ тохиолдолд Төв банкны ард иргэдийнхээ халаасан дахь мөнгөний үнэ цэнийг хамгаалах үүрэг нь огтын биелэлтгүй байна гэсэн үг.
Тиймээс ч өчигдөр “Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулах ёстой” гэсэн мессэжийг ард иргэд алга ташин хүлээж авлаа. Тэдэнд зориулж бодлогын арга хэмжээ авахгүй. Зөвхөн өнөө маргаашийг харсан бага дүнтэй интервенци хийгээд суухаар ард иргэд бухимдаж байгаагийн илрэл юм. Зүй нь бүхэл бүтэн улсын Төв банкийг тэргүүлж байгаа хүн санаачлага гаргадаг. Гүйлгээ ухаантай байх хэрэгтэй.
Гэтэл эсрэгээрээ Монголбанкны өнөөгийн ерөнхийлөгч Н.Баяртсайхан ОУВС-гийн хөтөлбөрийн ард нуугдаж, зөвхөн валютын нөөц ихэсгэхэд л анхаарч суугаа юм. Гол имиж нь ч энэ болж хувирав. Бодит нөхцөл байдал ийм байхад шууд байдлаар Төв банкны ерөнхийлөгчийг томилдог УИХ ямар ч ажиггүй сууж байна. Харин ч эсрэгээрээ гишүүд нь Төв банкны үйл ажиллагаа болон Н.Баяртсайханыг магтсаар буй юм.
Тухайлбал, өчигдөр ханшийн өсөлтийн асуудлыг байнгын хороогоор хэлэлцэх үеэр Ж.Ганбаатар гишүүн “Монголбанк интервенц идэвхтэй хийх нь зохистой арга биш. Гадны орнуудын жишиг ч ийм байгаа гэж хэлж байна. Ерөнхийлөгч нь ам.долларын ханш өсөхгүй, барина гэсэн байдлаар асуудалд хандаж байна. Би тэгж ойлголоо” гэсэн илтэд тал зассан үг хэлээтхэв. Уг нь Ж.Ганбаатар гишүүн бизнес эрхэлдэг, хөдөлмөрлөж байж баялаг бүтээсэн хүн гэдэг утгаараа асуудалд харьцангуй голч ханддаг. Гэтэл энэ удаа Төв банкны зөөлөн бодлогыг илтэд өмөөрч үг хэлсэн нь анхаарал татав.
Монголбанкийг яг ийм байдлаар байнга өмөөрч үг хэлдэг гишүүн бол Б.Баттөмөр. Байнгын хороо, чуулганаар Төв банкны асуудал яригдах бүрт өмөөрч, магтаж үг хэлдэг. Ордонд “Төв банкийг өмөөрөгч гишүүн” гэсэн шог хүртэл гарсан нь хоосон үг биш билээ. Тэрээр өнгөрсөн жил Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж, маш идэвхтэй ажилласан. Үүн дээр өнөөгийн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Дамба-Очир мөн их чармайлт гаргасан билээ. Дээр нь М.Оюунчимэг гишүүн нэмэгдэнэ. Тэрээр валютын зохицуулалтын тухай хуулийн төсөл санаачилж, УИХ-ын чуулганаар оруулж буй.
Монголбанк нь хууль санаачлах эрх бүхий байгууллага биш учраас гишүүдийн автороор хуулийн төслүүд нь орж ирдэг.Энэ тоолон өмнө нь Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, “банкны” гэх тодотголтой Б.Жавхлан гишүүн “лүглийтэл” хамгаалаад гарах жишээтэй.
Өнгөрсөн жил Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үеэр “Монголбанк хуулийг батлуулах чиглэлд их хэмжээний мөнгө төсөвлөсөн. Уг мөнгөний ихэнх хэсэг УИХ-ын гишүүдэд зориулагдсан”гэх яриа хөшигний ард өрнөж байв.
Яг энэ санааг бататгаж, өчигдөр Т.Аюурсайхан гишүүн “Одоо Мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах бодлого батлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэн батлах гэж байна.
Өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт Тэрэлжийн амралтын газар Монголбанкнаас хүлээн авалт зохион байгуулсан. Би иймэрхүү үйл ажиллагааг байнга эсэргүүцэж ярьдаг. Эдийн засгийн байнгын хорооны зарим гишүүд очсон. Гэхдээ Эдийн засгийн байнгын хорооны 19 гишүүнийг бүгдийг нь худалдаж авч чадахгүй.
Төв банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж, батлагдах шатанд удаа дараа ийм хүлээн авалт, нөлөөлөх үйл ажиллагаа хийсэн. Батлагдсаны дараа талархал гэж мөн хүлээж авч байсан. Тэр үед нь би “Энэ арга хэмжээгээ боль” гэж хэлж байсан. Удаа дараа хэлж байхад энэ ажлаа зогсоохгүй байна.
Очсон хүмүүс нь авлига авч байна. Арга хэмжээг зохион байгуулж буй хүмүүс нь авлига өгч байна. Энэ нь эрх ашгийн зөрчил. Гэтэл одоо Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэлэлцэх эсэхийг шийдэж байхад УИХ-ын гишүүдээс Монголбанкны ерөнхийлөгчийн өмнөөс зоригтой дуугарчих хүн гарч ирсэнгүй” гэж мэдээлэлдээ онцолсон юм.
Ард түмний төлөөлөл болж, парламентад тухалсан эрхмүүд энэ мэтээр Тэрэлжид нэг өдрийн найранд орж, Төвбанкны лоббид өртөөд байхаар олон нийтийн эрх ашгийг хэн хамгаалах вэ. Камерын өмнө олон нийтийн эрх ашгийн талаар ярих дуртай мөртлөө ачир дээрээ хөшигний ард “будаатай хуурга”-нд орж, Төв банкийг өмгөөлж ярихаа болиосой.
Ж.МЯДАГБАДАМ
Medee.MN
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
ЦЕГ: “Шатахуун зарна” гэсэн зар, мэдээлэлд бүү итгэ
Голууд үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна
Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй