Баталгаа өгсөн цагт чинь үүдээ тайлж өгье, Н.Цэрэнбат сайд аа

Moderator
2018/10/17

Их биеэсээ үнэтэй тоноглол дагалдах хэрэгсэл гэж чулуун хөөрөг, шүрэн толгойноос өөр зүйлд бараг байдаггүй биз ээ. Машинаасаа үнэтэй машины чимэглэл, гар утаснаасаа үнэтэй кэйс гэж хорвоод бараг дуулдаж байгаагүй.

Тэгвэл манайхан нэгэн ШБОС-ыг дэлгэрүүлэх гэж байгаа бололтой. Бүр тодруулаад хэлэхэд 10 мянган төгрөгийн үнэтэй янданд 500 мянган төгрөгийн үнэтэй яндангийн шүүлтүүр хийх гэж байгаа юм гэнэ. Энэ тухай БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Гэр хорооллын 100 мянган айлыг индукцэн халаалт дээр тулгуурласан бүрэн шаталтын төхөөрөмжөөр тоноглож чадах юм бол гэр хорооллын яндантай айлуудаас гарах утааг техникийнхээ үзүүлэлтээр 80 гаруй хувиар бууруулна гэсэн үзүүлэлтийг тухайн үйлдвэрлэгч компани өгсөн. Харин бид утааг 50 хувь бууруулна гэж зорьж байгаа. Энэ бол индукцэн яндан дээр тавих шүүлтүүр” гэлээ.

Ингээд 10 мянган төгрөгийн яндан 200 ам.долларын шүүлтүүр гэгч зүйлээр энэ өвөл “гангарах” нь тодорхой болж байх шиг ээ. Гэхдээ тэр үнэтэй цай, ганган чамин эд нь утааг хэр бууруулах бол. Хэр найдвартай бол.

Хэдхэн жилийн өмнө, Э.Бат-Үүл даргын үед Гандангийн айлуудад Солонгост үйлдвэрлэсэн яндангийн шүүлтүүр туршилтаар тавьсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Утаа униар нь буурсан, ийм юм хийж болох юм байна гэж тухайн үед ярьж байсан ч хэсэг хугацааны дараа асуудал нам жим болсон. Гэтэл яндангийн шүүлтүүр нь амархан битүүрдэг, хөө тортгийг нь авах боломжгүй, янданд конденсаци үүсгэж, их хэмжээний өмхий ус бий болгодог, яндангийн таталтыг бууруулдаг хэмээн шүүлтүүр тавьсан айлууд нь долоо хоног байлгаад авч хаяцгаасан сурагтай. Уг шүүлтүүрийг долоо хоног бүр цэвэрлэхгүй бол бөглөрчихөөд, айлууд байнга л тортогтойгоо зууралдаж суусан гэдэг.

Харин энэ удаагийн үнэтэй яндангийн шүүлтүүр туршилтын шүүлтүүрээс хэр ялгарах бол. Утаа бага гаргахаас гадна иргэдийн ахуй амьдралыг хүндрүүлэхгүй байх нь бас чухал гэдгийг БОАЖ-ын сайд бодож үзсэн болов уу.

Үүнээс гадна халуун хүйтэн агаарын урсгалын зарчмаар ажилладаг ханан, худагтай зуухнуудын янданд шүүлтүүр тавьбал дэлбэрэх магадлал хэр вэ. Ийм эрсдэл гарахгүй гэдэгт хэн баталгаа өгөх вэ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “200 тэрбум төгрөгөөр гэр хорооллын айлуудад яндангийн шүүлтүүр шахах юм гэнэ. Энэ бол зуух тарааснаасаа дор, үр дүнгүй ажил. Зүгээр л төсвийн шахаа. Тодорхой бүлэглэлийн захиалгатай ийм цайрсан төсвийн хулгайг дэмжих ямар хэрэгтэй юм бэ” хэмээн энэ асуудлаар байр сууриа илэрхийлсэн.

Тиймээс аливаа асуудал, аюулгүй байдалд нь анхаарсан, дараа нь утаа нь ихэссэн ч хор нь багассан гээд иргэдээ даапаалаад суухгүй гэсэн баталгаа өгчихөөд шүүлтүүрээ суурилуулаарай. Тэр цаг гэр хорооллынхон үүдээ тайлж өгнө, эрхэм БОАЖ-ын сайд аа.