“Мон-30” автобусанд краш-тест хийсэн л гэж найдъя, Ерөнхий сайд аа

Moderator
23 цаг 46 минутын өмнө

Монгол инженерүүдийн бүтээсэн “Мон-30” автобус үйлчилгээнд явахад бэлэн болжээ. Уг автобус 2-3 цаг цэнэглээд л 180-200 км зам туулдаг бөгөөд гадаадаас 400.000 ам.доллараар утаатай автобус авдгийг болиулж, 195.000 ам.доллараар цахилгаанаар ажилладаг утаагүй автобус бүтээсэн гээд өнгөрсөн долоо хоногийн турш дээр дооргүй хөөрцгөөв.

Гэхдээ хөөрцөглөхийн хажуугаар Алибаба-гаас авчирч угсарчихаад “Монголд үйлдвэрлэв” гэлээ, илүү өндөр өртөгтэй байна гэж шүүмжлэгчид ч олон гарав. Өөрсдөө хөдөлдөг автобус байтугай түрдэг усны тэрэг ч хийгээгүй байж, оролдоод, аливааг бүтээсэн хүнийг шүүмжлэх нь зохисгүй. Тэгээд ч тэрхүү автобусыг Алибаба-гаас авчирч угсарсан байна уу, Малибабагаас цуглуулж хайрцагласан байна уу, эцэст нь олон хүн гар нийлж юм бүтээж болдгийг харуулж, улсдаа татвараа төлж, залуучуудад аливааг бүтээх урам зориг өгсөн учраас дэмжих нь зүйн хэрэг.

Өнөө үед автомашиныг нэг газартаа үйлдвэрлэхээ больж, захиалсан сэлбэгээ цуглуулан угсардаг болжээ. Дэлхий дахинаа алдартай Японы машины үйлдвэрүүд ч аль хямд газарт эд ангийг нь захиалж хийлгээд, авчирч угсарч байна.

Тиймээс ч Монгол Улсдаа ажлын байр бий болгож, нэмүү өртөг бүтээгээд автобус угсраад гаргаж байгаа нь үнэхээр том, бахархууштай ажил. Цаашид эдгээр инженерүүд илүү дэвшилтэт автобус, машин, бүр онгоц ч бүтээж чадна гэж итгэж байна.

Гэхдээ нэгэнт нийслэлийн нийтийн тээвэрт хүн тээвэрлэхээр зориулагдсан учраас нэг зүйлд анхаарахгүй болох боломгүй.

Аливаа тээврийн хэрэгслийг үйлдвэрлэсний дараа хөдөлгөөнд оролцогчдын авч болзошгүй гэмтлийн түвшнийг тогтоох зорилгоор зориудаар зам тээврийн осол гаргаж, эд ангиуд, гэмтэл согогийг нь шалгадаг. Энэ бол крэш-тест юм. Авто машин үйлдвэрлэгчид бараг бүгд л хийсэн машинаа хэдэн арваар нь мөргөлдүүлж, шатааж, ослын үед аваарын гарц нь нээгдэж байна уу, шил нь хагарч байна уу гэх зэргээр сорьж үзнэ. Ийм сорил шалгалт хийж байж, уг тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцож болох эсэхийг шийддэг аж.

Өнөө үед зөвхөн тээврийн хэрэгсэл төдийгүй нөүтбүүк, гар утас болон бусад тоног төхөөрөмжийн ч найдвартай байдлын өндөр шаардлагыг хангаж байгааг шалгахын тулд краш-тест хийдэг болжээ.

Харин Монголдоо үйлдвэрлэгдсэн эко автобус, “Мон-30”, цөөн хэдэн троллейбуснуудад краш-тест хийсэн болов уу. Ялангуяа Ерөнхий сайд У.Хүрэлсүх таны дэмжсэн “Мон-30” цахилгаан автобус цахилгааны найдвартай байдлыг хангаж байгаа эсэх, ослын үед аваарын дохио, гарц нь ажиллаж байгаа эсэхийг шалгах краш-тестэнд орсон л гэж найдъя.