ЭТТ-н ТУЗ-д санаархагчид хэн хэн байв

Moderator
2018/10/12

“Эрдэнэс Таван Толгой” Хувьцаат Компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүдийг төрөөс томилох нь хууль бус зүйл болоод байгаа нь өдөр ирэх тусам батлагдаж, хурлаа ч хийж чадахаа больсон байна. 2018.10.8-нд “Эрдэнэс Таван Толгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал боллоо. Хурлаар тус компанийн дүрмийг батлах, ТУЗ-ийг сонгох 2 гол асуудлыг хэлэлцэх байсан ч төрөөс томилогдсон хурлыг даргалагчид гэх этгээдүүд болоод төрийн өмчийн 85 хувийн төлөөллүүд асуудлыг хүч түрэн, хууль бусаар шийдэх гэж оролдсоны улмаас хурлаар хэлэлцэх байсан дээрх асуудлуудыг бүрэн гүйцэд хэлэлцэж шийдэж чадалгүй дараа хуралдаж байж шийдэхээр болов.

Дахин хуралдах болсон гол шалтгаан нь иргэдийн эзэмшиж буй 15% буюу 1072 хувьцааны төлөөлөл болох ТУЗ-ийн хараат бус гишүүдийг сонгохгүй, харин төрөөс санал болгосон хүмүүсийг шууд томилохоор хүч түрсэнд байв. Төлөөлөн удирдах зөвлөлд нийт 11 гишүүн байхаас 4 хараат бус гишүүн байхаар дүрэм батлагдсан. Ингээд Төрийн төлөөлөл 7 хүн сонгогдсон буюу шууд томилогдсон бөгөөд харин хараат бус 4 гишүүнийг шууд томилхыг оролдсон нь хувьцаа эзэмшигчдийн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Өмнө нь хараат бус 3 гишүүнтэй байсан бөгөөд тэднийг төр буюу ялсан намаас шууд томилсон байдаг. Үүнд МАН-ын М.Энхболдын фракцын П.Өлзийнаран, УИХ-ын гишүүн Х.Болорчулууны төрсөн дүү Х.Болорэрдэнэ, Э.Ганбаатар нар томилогдон ажиллаж байсан бөгөөд эднээс Х.Болорэрдэнэ, П.Өлзийнаран нарыг дахин томилуулахаар хуйвалдаан зохион байгуулсан гэх аж. Ямартай ч Эрдэнэс таван толгой компанийг мэдэлдээ авч хувийн байгууллага мэт удирдаж байгаа Уул уурхайн сайд Д.Сумьяабазарын томилсон хурал зохион байгуулах комиссын хараат бус 4 гишүүнийг төрөөс томилсон 7 гишүүн дээр хүчээр нэмсэнээр ТУЗ-ийн бүх гишүүдийг өөрсдийн хүмүүсээр дүүргэх, Эрдэнэс таван толгой компаниас орж ирэх ашиг орлогыг хувьдаа авах гэсэн ерөнхийлөгч Х.Баттулгын нууц төлөвлөгөө бүтээгүй бололтой.

Хэдийгээр нууцалсан ч, хэвлэлээр цацагдсан мэдээгээр болоод мэдээлэлд нэлээд ойр хүмүүсийн үзэж буйгаар хурал зохион байгуулсан хүмүүс дараахь дөрвөн хүнийг сэм сонгохоор төлөвлөсөн байсан аж. Үүнд,

1. УИХ ын гишүүн. Хүнс хөдөө аж ахуйн сайд асан Р.Бурмаа, Ерөнхийлөгч Х.Баттулгын зүтгүүлж буй хүн гэх.

2. Сумяабазар сайдын зөвлөх Т.Цогтбаяр.

3.УИХ ын гишүүн Х.Болорчулууны төрсөн дүү Х.Болорэрдэнэ

4 .П.Өлзийнаран. Миеэгийн фракцын идэвхтэй гишүүн гэсэн томъёолол бүхий хүмүүс энэ удаадаа хараат бус гишүүнээр томлигдож чадаагүй тухай эх сурвалж мэдээллэж байна.

П.Өлзийнаран, Х.Болорэрдэнэ нар өмнөх ТУЗ-д Хараат бус гишүүнээр ажиллаж байсан туршлагатай бөгөөд П.Өлзийнаран л гэхэд компанийн доторхи нүүрсний хулгайн асуудал, хил гараад үнэ нь нэмэгдэж байгаа нууцлалтай гэрээний зохицуулалт гээд нарийн ширийний талаар мэдээлэлтэй тул өөрийгөө улиран сонгуулах нөхцлийг тулган хүлээлгэж чадсан бололтой гэж яригдаж буй аж. Харамсалтай нь эдгээр хараат бус гишүүд нь ТУЗ-д ажиллахдаа тун хангалтгүй үүргээ гүйцэтгэсэн нь үнэн юм.

ЭТТ-д 300 шахам мянган тонн нүүрс хулгайлагдлаа л гэнэ, 1072 хувьцаа эзэмшигчдийн хувьцааг хууль бусаар саналын эрхгүй болголоо гээд олон бусармаг асуудлууд гараад байхад огт дуугараагүй, нүдэн балай сууж байсан төдийгүй өөрсдийгөө дахин сонгуулхаар тохироо хийн маш их хулгайн баялагийг томилсон эзэддээ өгүүлэхээр орж ирж байгаа нь тун базаахгүй нөхдүүд гэдгийг баталж буй юм. Хуралд оролцогчид “Хүрэлсүх сайд 2018.04.13 нд “Нүүрсний хулгай гарчээ” гэж орон даяар мэдэгдсэн нь үнэн бол өмнөх ТУЗ нүүрсний том хулгайг анзаараагүй, мөн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах талаар юу ч хийгээгүй, муу ажилласан тул улиран сонгогдох ёс зүй болоод хууль ёсны эрх байхгүй...” гэж үзэж буй аж.

Олон нийтийн хувьд хараат бус гишүүнд томилогдохоо шахсан дөрвөн хүнийг бүгдийг тун таашаахгүй байсан ба УИХ-ын гишүүн асан, Хүнс Хөдөө Аж Ахуйн Яамны сайд асан, “Халх голыг Хятадуудад ашиглуулсан..” гэх олон хардлага дагуулсан асуудлаар олонд илүүтэй танигдсан Р.Бурмаа гуайд хуралд оролцогчид тун таагүй хандаж, ихэд цухалдаж байв.

Ерөнхийлөгч Х.Баттулгын шахааны хүн гэгдээд буй Бурмааг ТУЗ-д оруулах нь бүү хэл, “...ЭТТ компаниас хол байлга, ёстой самарна.. Х.Баттулгын эхлүүлсэн “халх гол” төслийг Сумъяабазарын дүү Д.Давгадоржийн хамтаар батлуулахаар улайрч байсан хүн шүү.. зайлуул..” гэцгээж байв. Мөн сайд Сумьяабазрын шахааны хүн гэгдэж Цогтбаярыг дэмжих хүн нэгээхэн ч байгаагүй төдийгүй ихэд дургүйцэж байв. Ер нь Засгийн газрын 2012 оны 181-дүгээр тогтоолоор 1072 хувьцаа эзэмшигчдийн хувьцааг “саналын эрхгүй хувьцаа” хэмээн заасан нь төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын 39, 18, 57-дугаар тогтоолууд, мөн Үндсэн хууль гээд олон хууль, эрх зүйн актуудыг зөрчсөн ЗГ-ын 181-дүгээр тогтоол нь өөрөө хууль бус, эрх зүйн чадамжгүй болж буй юм.

Өөрөөр хэлбэл иргэдийн эзэмшиж буй 1072 хувьцаа хувиарлагдаж буй ноогдол ашгаас шууд хувь хүртэхээр санал оруулах эрхгүй үхмэл хувьцаа гэж ойлгогдож байна. Ингээд ЭТТ компанийн хувьцаа эзэмшигчдийн дараачийн хурлаар 1072 хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл ТУЗ-ийн хараат бус 4 гишүүнийг өөрсдөө сонгох нөхцөл бүрэлдэж байна. Улс төрчид, эрх баригчдын шахааны, хараат бус гишүүнд тавигдаж буй шалгуурыг давахгүй, ТУЗ-д сонгогдох ёс зүйгүй нөхдүүдийг нэр дэвшүүлэхгүй байх нь чухал гэдэг нь тодорхой бөгөөд харин уул уурхай, олон улсын эдийн засаг, санхүүгийн мэдлэг, туршлагатай, хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаалах чадвартай, ард түмний төлөөлөл болсон хүмүүсийг сонгох нь зүйтэй юм.