Гурав хоногийн өмнө Нийслэлийн 135 дугаар цэцэрлэгийн үүдэнд байрлах сандал дээр үс нь өрвийж, хоёр хацар нь үл ялиг сайртсан бяцхан хүү хүүхдүүд цуглах цагаар цэцэрлэгтээ орж байгаа хүүхдүүдийг нүд салгалгүй ширтэн сууж байжээ. Үүнийг анзаарсан тус цэцэрлэгийн өдрийн жижүүр “Миний дүү яах гэж яваа юм бэ” гэж асуухад “Би энэ цэцэрлэгт ормоор байна” гэхээс өөр үг хэлээгүй аж. Түүний талаар тус цэцэрлэгийн эрхлэгч А.Анхмаад хэлэхэд тэрбээр Г.Буянбаатар хүүтэй уулзаж, ээж, аав, хаана амьдардагийг тодруулан хүүг дагуулан явж ээжтэй нь уулзжээ.
Улмаар шинжилгээ хийлгээд ирвэл цэцэрлэгтээ авах хүсэлтэйгээ хэлсэн ч тэр өдрөө ээж, хүү хоёр шинжилгээ хийлгэж чадаагүй аж. Гэтэл маргааш нь хүү дахиад л нөгөө сандал дээрээ нөгөө л өмссөн хувцастайгаа хүүхдүүдийг хараад л сууж байжээ. Юу болсон яагаад дахиж ирсэнийг асуухад “Би ганцхан энэ цэцэрлэгт л ормоор байна” гэсэн байна. Үнэхээр ийм үг хэлсэн хүнийг хэн ч цаашаа гэхгүй нь дамжиггүй. Ингээд л 135 дугаар цэцэрлэгийн ажилчид хөл хөдөлгөөн болж, хүүхдийг усанд оруулан, өглөөний цай уулгаад, СБД-ийн ЭМТ-рүү очиж шинжилгээ хийлгэснээр Г.Буянбаатар хүү тус цэцэрлэгийн нэгэн гишүүн болсон түүхтэй.
135 дугаар цэцэрлэгийн эрхлэгч А.Анхмаа өөрийн харьяаны хүүхэд биш л бол гуйсан болгоны хүүхдийг аваад байдаггүй зарчимч нэгэн болохыг тус цэцэрлэгийн багш нар хэлж байлаа. Г.Буянбаатар хүүг зөв хүмүүжилтэй, зан нь эвдрээгүй, сэргэлэн байдал нь 135 дугаар цэцэрлэгийн хамт олны хайрыг татаж чадсанаар улсын цэцэрлэгт өөрийн хүчээр ороод байгаа нь аж. Түүний сурах мэдэх эрмэлзлэлийг харсан цэцэрлэгийн багш ажилчид нэг ч гэсэн хүүхэд сургуулиййн өмнөх боловсрол эзэмшээсэй хэмээн хамт олноороо сэтгэл гарган тусалсандаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм.
Хүүгийн талаар анх сошиалд оруулсан 135 дугаар цэцэрлэгийн багш Ц.Догсмаа “Хүүг хоёр өдрийн турш “Энэ цэцэрлэгт л ормоор байна” гэж суухад өөрийнх эрхгүй ангидаа оруулмаар санагдаж байсан. Угаасаа Г.Буянбаатар энэ жил таван настай дараа жил сургуульд орно. Тиймээс зайлшгүй сургуулийн өмнөх боловсролыг бүрэн эзэмшүүлэх хэрэгтэй. Өөрөө ч маш сэргэлэн, зан нь эвдрээгүй, сайн хүмүүжилтэй хүүхэд байсан. Түүний гэгээлэг хөөрхөн инээмсэглэл манай хамт олны сэтгэл зүрхийг хөдөлгөж чадсан гэж бодож байгаа. Г.Буянбаатарын шинжилгээний хариу гартал би ангидаа байлгасан юм. Өмнө нь Баянзүрхийн товчоонд цэцэрлэгт явж байсан болохоор цэцэрлэгт явах сайхныг мэддэг юм билээ. Гараа зөв угаагаад, хоолоо цэх суугаад идээд сурчихсан хүүхэд байна лээ. Өдрийн хоолны дараа ангийн хүүхдүүд шүдээ угаахад “Багшаа би шүдээ угаамаар байна. Шүдний сойз авья” гэсэн. Ёстой л өөрийнхөө хүсэл сонирхолын хүчээр энэ цэцэрлэгийг олж орсон хүүхэд дээ. Бид ч энэ хүүд тусалсандаа маш их сэтгэл ханамжтай байгаа.” гэсэн юм.
Мөн Г.Буянбаатарыг усанд оруулж, шинжилгээ өгөхөөр дагуулан явсан 135 дугаар цэцэрлэгийн угаалгын ажилтан Т.Мөнхзул (Түүнийг цэцэрлэгийн ажилтнууд Г.Буянбаатарын “өрлөг ээж” хэмээн хошигнодог болсон гэж байлаа). “Нэг хүү хоёр өдөр дараалан цэцэрлэгт ормоор байна гээд сууж байгаа гэх мэдээг сонсоод гарч очоод харсан л даа. Өмнөх өдөр эрхлэгч ээжтэй нь уулзаад цэцэрлэгт орохыг зөвшөөрчихсөн байсан. Тэгсэн хөөрхөн бор хүү сууж байхаар нь хувцас хунараа өмсөөд цэцэрлэгтээ орохгүй яасан юм бэ? гэсэн “Надад хувцас байхгүй” гэсэн. Тэгээд би ээж нь усанд оруулж амжаагүй юм байлгүй гэж бодоод ажилчиддаа “Энэ хүүг усанд оруулаад үсийг нь засуулья” гэх санал тавиад манайхан байгаа боломжоороо мөнгө цуглуулсан юм.
Эрхлэгч хүртэл мөнгө хандивласан. Нийт 10 гаруй мянган төгрөг цугларсан л даа. Усанд оруулчихаад хацар нь жаахан сайртсан байхад нь вазелин түрхэж өгөөд, шинжилгээ хийлгэхээр болж би дагуулж явсан юм. Шинжилгээ өгч, үсийг нь засуулчихаад явж байтал “Багшаа энд гуанз байдаг уу” гэж асууж байна. Байдаг. Яасан гэсэн чинь “зүгээр” гээд дуугүй болсон. Тэгэхлээр нь миний дүү ямар хоолонд дуртай вэ гэж асуусан чинь “хуушууранд дуртай” гэсэн. Тэгээд цайны газар орж хоёр хуушуур авч өгсөн. Тэгсэн “Багшаа та их сайн эгч юм аа. Манай ээж харин муу” гэлээ. Яагаад ээж нь муу гэж гэсэн “надад хуушуур хийж өгөөгүй” гэсэн. Тэгвэл би чамайг авчихья эгч нь дөрвөн хүүтэй тав болгочихье гэсэн чинь “Үгүй би ээждээ хайртай, ээжийнхээ хажуугаас хэзээ ч холдохгүй” гэсэн. Эмнэлэг дээр шинжилгээ өгч байхад “Та их сайн багш юм аа, их хөөрхөн юм аа” гээд л их баяртай, хөөрөөд байсан.
Их эвдрээгүй яг л хүүхэд зангаараа хөөрхөн хүүхэд байсан учир би хайрлаад авч явж шинжилгээ энэ тэрийг нь хийлгэсэн юм. Тэрнээс бол хүүхэд бүрийг усанд оруулаад шинжилгээ өгөөд гүйхгүй шүү дээ. Эцэг эхэд нь даатгаад л явуулна” гэлээ.
Ингээд өөрийн хүчээр цэцэрлэгт орсон Г.Буянбаатар хүүтэй цөөн хором ярилцлаа.
-Миний дүүгийн нэрийг хэн гэдэг вэ?
-Буянбаатар.
-Хэдэн настай вэ?
-Таван настай.
-Цэцэрлэгт явах гоё байна уу?
-Гоё.
-Ангидаа ороод юу хийсэн бэ?
-Хүүхдүүдтэй тоглож байгаа.
-Цэцэрлэгт явахыг тэгэж их хүссэн хэрэг үү?
-Тийм. Хүүхдүүд яваад их гоё байсан.
-Чамайг энэ цэцэрлэгт оруулсан багш нартаа баярлаж байна уу?
-Тийм, баярлаж байна.
Байсхийгээд л цэцэрлэгийн хашаа руу орж тогломоор байна гэж зөвшөөрөл аваад явдаг хүү нь цаанаа цэцэрлэгт явах хүсэл тээж явсныг ээж Б.Үүрийнтуяа анзаараагүй байжээ. Тоглох гэж л цэцэрлэг рүү гүйгээд байна гэж бодож байснаа тэрбээр хэлж байлаа. Б.Үүрийнтуяа үрийнхээ төлөө амьдралыг сөрж яваа ээжүүдийн л нэг. Хүүгээ л эрдэм номтой сайн хүн болгох юмсан гэж хичээж амьдардаг гэдгээ тэрбээр ярилаа.
-Хүү нь цэцэрлэгт явахаасаа өмнө ээждээ туслаад гэртээ л байдаг байв уу?
-Би Баянзүрхийн товчоонд үхэр саадаг байсан. Намайг дагаад л үхэрт тэжээл өгөхөд туслаад, малын хашаанд орж тоглоод л явж байдаг байсан. Өмнөх цэцэрлэгийнх нь төлбөрийг өгч чадаагүй болохоор цэцэрлэгээс нь гаргачихсан. Тэгээд хотод ажил хийе гэж бодоод энд ирээд энэ ажилд ороод гурав, дөрөвхөн л хонож байна. Хүүгээ цэцэрлэгийн хашаанд тоглож байгаа гэж бодож байтал ийм зүйл болчихлоо.
-Одоо хүү нь цэцэрлэгт орчихлоо ажлаа тайван хийж байна уу?
-Сайхан байна. Хүү минь намайг дагаад л явж байдаг байсан. Тэгсэн сайн хүмүүсийн буянаар цэцэрлэгт орчихлоо их баярлаж байгаа. Хүүгээ цэцэрлэгт нь өгчихөөд ажлаа тайван хийж байна.
-Өмнө нь хаана цэцэрлэгт явж байсан юм бэ?
-Баянзүрхийн товчоонд сарын 80.000 төгрөгийн төлбөртэй хувийн цэцэрлэгт өгч байсан. Тэгээд төлбөрийг нь өгч чадаагүй болохоор энэ жил өгч чадаагүй байсан юм л даа.
-Хүү нь энд ирээд цэцэрлэгт явах хүсэлтээ байгаагаа өөрт чинь хэлсэн үү?
-Үгүй. Цэцэрлэгт явмаар байна гэж хэлдэггүй байсан. Ээжээ би цэцэрлэгийн хашаанд очиж тоглоё л гэж гуйдаг байсан. Тэгээд би тоглож байгаа юм байх л гэж боддог байснаас цэцэрлэгт ормоор байна гээд үүдэнд нь сууна гэж ер бодоогүй.
-Хүү тань цэцэрлэгт явж байгаадаа их баяртай байна лээ?
-Инээгээд л байна. Би ч бас маш их баярлаж байна. Энэ цэцэрлэгийн хамт олонд дахин дахин баярласнаа илэрхийлье. Хүү минь намайг дагаад эрт босоод сурчихсан л даа. Би өглөө 5 цагт босч үнээгээ саадаг байсан болохоор хүү минь 7 гээд л босчихоод ээжээ би цүнхээ үүрээд цэцэрлэгтээ явчих уу, энэ цамцыг өмсчих үү гээд л их л хөөрөөд явсан. Багш нар нь үсийг нь засуулсан байсан. Тэгсэн толинд хараад ингэвэл гоё байна уу гээд л толгойгоо байн байн илээд байсан.
-Та хоёр өөр хэнтэйгээ амьдардаг вэ?
-Бид хоёр хоёулахнаа л амьдардаг. Аав нь орхиод явчихсан.
-Өөрсдийн гэсэн гэр чинь хаана байдаг вэ?
-Баянзүрхийн товчоонд гэр бий. Энд авчирч чадаагүй л байна. Энэ 10 дугаар байрны 6 дугаар орцны жижүүр хийж байгаа.
-Энэ ажлыг яаж олсон юм бэ?
-Найз маань санал болгосон юм. Үнээ саах хэцүү л дээ. Үхрийн баас арилгах, сүүгээ өргөх гээд хүнд зүйл их өргөдөг байсан. Энэ ажил хавьгүй хөнгөн санагдаж байгаа. Цалин мөнгө нь хүртэл боломжийн санагдсан учраас тэр ажлаасаа гараад энд ирсэн. Цалинтайгаа залгачихвал бид хоёр алзахгүй ээ л гэж бодож байна.
Ийнхүү цэцэрлэгийн үүд сахисан хүү өөрийн хүчээр цэцэрлэгт орж үеийн найзуудтайгаа хөгжилдөн нэг өдрийг өнгөрүүлж байна. Тиймээс нийт уншигчдынхаа өмнөөс СБД-ийн 135 дугаар цэцэрлэгийн хамт олон ажлын амжилт хүсч байна.
Х.Соёл-Эрдэнэ
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
ЦЕГ: “Шатахуун зарна” гэсэн зар, мэдээлэлд бүү итгэ
Голууд үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна
Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй