АТГ-аас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ удаагийн ээлжит хэвлэлийн хуралд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү нар оролцов.
Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү "АТГ-аас биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийх нэрийдлээр орон нутаг дахь албан тушаалтнууд иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, ашигт малтмалын олборлолт (хаягдал нөөц ашиглах) явуулан түүнээсээ хандив, тусламж авч, хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгож, зөвшөөрөлгүй олборлолт явуулах нөхцөлийг бүрдүүлсэн, мөн холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудын хяналт сул байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил, цаашлаад авлигын гэмт хэрэг гарах шалтгаан, нөхцөл болж байна гэж үзэн таслан зогсоох зөвлөмжийг Уул уурхай хүнд, үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн. Хүргүүлсэн зөвлөмжийн мөрөөр үр дүнтэй ажил хийгдээгүйн улмаас бодит нөхцөл байдал дээр нөхөн сэргээлт нэрээр олборлолт явуулах асуудал таслан зогсоогдохгүй байгаа бөгөөд зарим аймагт уг асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна" гэлээ.
Яамдуудаас ХНХЯ-ны шилжилт хөдөлгөөн их байна гэв
Энэ сард АТГ нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 837 этгээдийн ХАСУМ-ийг хянан шийдвэрлээд байна. Энэ хугацаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн ХАСУМ бусад байгууллагатай харьцуулахад өндөр дүнтэй байна. Тус газарт ирүүлсэн өргөдөл гомдол, мэдээллийн дагуу ХАСХОМ-ийн хяналт шалгалтыг явуулж өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогыг үнэн зөв мэдүүлэх үүргээ биелүүлээгүй “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сэлэнгэ аймгийн Автотээврийн төвийн дарга Ж.Батцогтод сануулах, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр, мөн аймгийн Баяндалай сумын Засаг дарга Л.Батбаатар нарт албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан. Мөн дээр дурдсан үүргээ удаа дараа биелүүлээгүй Төв аймгийн Сэргэлэн сумын дунд сургуулийн захирал И.Отгон-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох, сунгахад албан тушаалтныг хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг мөрдөж ажиллуулах, мэдээллийн ил тод байдлыг хангаж, хяналтыг сайжруулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж эрчим хүчний салбарт хэрэгжихгүй байна.
Эрчим хүчний чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг 830 компани эзэмшиж байгаагаас /2017 оны байдлаар/ 250 компани нь нийтийн албан тушаалтан, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой төдийгүй эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн албан тушаалтнууд, тэдний гэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулсан, хувь эзэмшсэн, хамтын өмчлөлийн 130 компани эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.
Эрчим хүчний яамнаас 2017 онд зарласан тендерт уг салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан тушаалтан тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж буй 7 компани нь нийтдээ 5,8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий тендерт сонгон шалгарч гэрээ байгуулан ажилласан байна.
Тухайлбал, Мөн Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Э.Цэнд, Увс аймгийн Малчин сумын Эрүүл мэндийн төвийн дарга Э.Цэрэнхүү нар хамаарал бүхий этгээдтэй холбоотой шийдвэр гаргасан гэх мэтээр ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн асуудлууд гарч байна
Ашигт малтмалын эрх бүхий албан тушаалтнуудыг шалгаж эхэллээ
АТГ-аас дараах хэргүүдэд хэрэг бүртгэлт нээжээ. Тодруулбал, Ашигт малтмал, газрын тосны газрын эрх бүхий албан тушаалтнууд нь аж ахуйн нэгжүүдэд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн олгохдоо Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг зөрчин албан эрх мэдлээ хэтрүүлсэн байж болзошгүй гэх үйлдэлд, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын удирдах албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан хууль тогтоомжийг илтэд зөрчиж хууль бус шийдвэр гаргасан, хандив нэрээр компаниудаас бэлэн мөнгө авч хууль бусаар зарцуулсан гэх үйлдэлд, “Монре даатгал” ХХК-ийн удирдах албан тушаалтан албаны бүрэн эрхээ урвуулан ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуун дарагдуулж даатгалд хамаарах бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэх замаар удаа дараагийн үйлдлээр 420.612.797 төгрөгийн хохирлыг учруулсан гэх үйлдэлд тус тус хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
“МИАТ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтнуудын хэргийг прокурорт шилжүүлжээ
Харин дараах хэргүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Улсын тусгай хамгаалалттай газрын албан тушаалтан Ц гэгч нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байгалийн цогцолбор газарт амарсан амрагч, аялагчдаас оруулсан орлогоос тодорхой хувийг завшсан, зөвшөөрөлгүй тээвэрлэгдэж, хураагдсан модыг бусдад худалдаж завшсан, байгалийн цогцолбор газарт ойд мод арчилгааны зориулалтаар мэргэжлийн байгууллагын дунд тендер зарлалгүйгээр хувь хүмүүст мод бэлтгэлийн ажлыг олгож, хууль бусаар бэлтгүүлсэн гэх үйлдэлд, Ховд аймгийн нэр бүхий удирдах албан тушаалтнууд гар аргаар алт олборлогч иргэдийн үйл ажиллагааны улмаас хөндөгдөж сүйтгэгдсэн газарт нэр бүхий иргэдэд нөхөн сэргээлтийн эрх авч өгнө гэж урьдчилан амлан албан тушаалын байдлаа ашиглан хахууль авсан, мөн аймгийн хурлаар төсөв батлуулалгүй орон нутгийн хөгжлийн сангийн 70 сая төгрөгийг хууль бусаар зарцуулсан гэх үйлдэлд, “МИАТ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүллээ.
УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан Т-гийн хэргийг шүүхэд шилжүүлнэ
Дараах хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай хүргүүлсэн байна. УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан Т нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсвийн хөрөнгөөр 2011, 2012 онд санхүүжигдэх ажил үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн хамаарал бүхий компаниудын нэр дээр тендерийн бичиг баримт бүрдүүлэн тендерт оролцож, үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж, тендерийн шаардлага хангаагүй компаниудыг сонгон шалгаруулах хууль бус шийдвэр гаргуулан улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг, “Оюу цагаан барс” ХХК-ийн нэр дээр 30 тн хуш модны самрын чөмөгний тусгай зөвшөөрөл, 600 тн самрын ясны тусгай зөвшөөрлийг авахын тулд БОАЖЯ-ны удирдах албан тушаалтнуудад хахууль өгсөн гэх хэргийг, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын эрх бүхий албан тушаалтан нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор ИТХ-ын төлөөлөгчид хуулиар олгогдсон бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэх хэргийг, Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар нь 2017 оны 7 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор их хэмжээний бараа тээвэрлэсэн дугаар бүхий тээврийн хэрэгслүүдийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт тус тус шилжүүлээд байна.
Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-АТГ-ын дарга Х.Энхжаргалын 19 настай охин Шарын гол төрийн өмчит компанийн ТУЗ-ийн даргаар ажилладаг гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар хариулт өгнө үү?
-АТГ-ын даргад Х.Энхжаргалд 19 настай охин байхгүй. Аль нэг төрийн өмчит компанид ТУЗ-ын даргаар ажилладаг хүүхэд байхгүй. Тэгэхээр энэ бол санаатайгаар тараасан илт худал мэдээлэл. АТГ-ын үйл ажиллагааг гутаах, саармагжуулах зорилготойгоор АТГ-ын даргын нэр хүндэд халдах байдлаар гаргаж байна. АТГ-ын үйл ажиллагааг гутаах мэдээллийг цуврал байдлаар бэлтгэж байгаа гэх мэдээлэл ирсэн. Энэхүү мэдээллийг сошиалаар хуульч өмгөөлөгч Пүрэвбаатар бичсэн байсан. Энэ хүн хэний өмгөөлөгчөөр ажилладаг вэ гэдгийг сэтгүүлчид мэдэх байх. Мөн Пүрэвбаатар гуай АТГ-ын Олон нийтийн дэргэдэх зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Энэ зөвлөлийн гишүүн атлаа ийм худал мэдээллийг сошиалаар тарааж байгаа нь харамсалтай явдал. Ер нь АТГ-ын Олон нийтийн дэргэдэх зөвлөлийн дарга болон гишүүд АТГ-ын үйл ажиллагааны талаар ташаа мэдээлэл тараадгаа зогсоох хэрэгтэй. Худал мэдээлэл тараасан хүмүүсийг цагдаагийн байгууллагад шалгуулна.
-Төмөр замын хэрэг юу болсон юм бэ?
-Монголын төмөр замтай холбоотой хэрэг тусгаарлагдаж, Солонгосын иргэнтэй холбоотой хэрэг шүүхээр орж шийдэгдсэн. Нэр бүхий иргэд гадаад улсад оргон зайлсантай холбогдуулан тэр хэрэг тусгаарлагдаж үлдсэн байгаа. Мөрдөн байцаах ажиллагаа хийгдэж байна.
Эрдэнэт үйлдвэр, Жастын Ш.Батхүүтэй холбоотой хэрэг одоо ямар шатандаа явж байгаа вэ?
-Тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хийгдсэн аудитын болон үндсэн дүгнэлтүүд гарсан. Хэрэг асуудлыг нэлээн өргөн цар хүрээтэйгээр шалгаж байгаа. Шалгагдаж буй хэргийг ойрын үед прокурор, шүүхийн шийдвэрт шилжүүлэх тухай асуудал яригдаж байгаа.
-Цэцэрлэг, сургуулийн элсэлт явагдаж байгаа энэ үед авлигын хэргээр эцэг, эхчүүдээс ирсэн санал гомдол байгаа юу? 18 дугаар сургуулийн захирлыг шалгаж байгаа гэсэн мэдээлэл байсан.
-Сургууль, цэцэрлэгийн элсэлтийн үеэр хахууль, авлига авч байна гэсэн мэдээлэл жил болгон гардаг. Одоогоор энэ асуудлаар гомдол мэдээлэл ирээгүй байна. Бид энэ асуудлаас урьдчилан сэргийлэх үүднээс Нийслэлийн Боловсролын газар, БСШУСЯ-нд зөвлөмж, чиглэл хүргүүлж ажилласан.
Б.Анир
Шатахууныг маргаашаас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгоно
Нарантуул, Дүнжингаравын богино эргэлтийн чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ
Маргааш тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Даваа гарагаас богино эргэлтийн 2 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
ЦЕГ: “Шатахуун зарна” гэсэн зар, мэдээлэлд бүү итгэ
Голууд үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна
Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй