Ц.Цогзолмаа сайд өөртэй нь "Босож мэндэлсэнгүй" гэж дөрвөн мэргэжилтнийг ажлаас нь халахыг тушаажээ

Moderator
10 цаг 41 минутын өмнө

Д.Мөнхбаатар: Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын 70 ажилтны 68-ыг нь ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн

-БСШУС-ЫН САЙДЫГ БОЛЧИМГҮЙ ҮЙЛДЛИЙНХ НЬ ТӨЛӨӨ ОГЦРОХЫГ ШААРДАНА-

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатартай ярилцлаа.

-Багшийн мэргэжил дээшлүүлэх институт яагаад Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоонд хандах болов оо?

-Манай байгууллагын 70 ажилтны 68-ыг ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн. Энэ чөлөөлөх мэдэгдэл нь зургадугаар сард батлагдсан Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль гэдгээс улбаалаад, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт бүтцийн өөр хэлбэрээр ажиллах шаардлагатай болсон гэж үзээд, яамны сайд 2018 оны наймдугаар сарын 1-нд А482 тоот нэг хуудас тушаал гаргасан. Үүний дагуу Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын захирлын үүрэг гүйцэтгэгч н.Сүрэнчимэг тийм тийм орон тоон дээр хүмүүс авна гэж бүтцийг задлахдаа хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байгаа юм.

-Яагаад хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байгаа юм бэ?

-Үүрэг гүйцэтгэгч хариуцлага хүлээхгүй. Хариуцлага хүлээхгүйгээс хууль бус шийдвэр гаргаж, энэ олон ажилтныг хомроглон халж байна. Ер нь хардах үндэслэлүүд ч байна. Нөгөө Ардын намын “60 тэрбум”-ын мөнгө босгох ажлаа хийх гэж байна. Албан хаагчдыг хууль бусаар халж байна. Эргээд ажилд авах үед ямар нэгэн авлигын шинж чанартай үйлдэл гаргахаас бид болгоомжилж байна. Хаа сайгүй ийм үйлдэл хавтгайрч байна. Тийм үйлдлүүд гаргуулахын төлөө угаасаа энэ шийдвэр нь хүчин төгөлдөр биш юм аа гэдэг үндэслэлээр бид Захиргааны хэргийн шүүх дээр Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран тэмцэхээр болсон. Багшийн мэргэжил дээшлүүлэх институт Монголын багш нарын үйлдвэрчний холбооны гишүүн байгууллага. Хуулийн дагуу бичиг баримтаа бүрдүүлээд, маргаашаас эхлэн хамтраад Захиргаа, Иргэний шүүхэд хандан, хамтын тэмцэл явуулна. Ирэх долоо хоногт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг энэ болчимгүй үйлдлээ зогсоох, албан тушаалаасаа огцрох шаардлагын төлөө явна гэж бодож байна.

-Салбарын сайдаа “эсэргүүцэх” ажиллагаанд нийт хичнээн хүн оролцох вэ?

-Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын хүрээнд нарийн тоо байхгүй ч дийлэнх нь Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоонд нэгдчихсэн. Энд үймүүлэх, бусниулах, дарамтлах үйл явц явж байна шүү дээ. Тухайлбал, цэвэрлэгч, үйлчлэгч нарыг дарамтлаад амыг нь хаачихаж байна. Сүрэнчимэг гэдэг хүн өөрөө хэвлэл мэдээллээр ярилцлага өгөхдөө ажилчдыг халаагүй, бүтцийн өөрчлөлт хийх гэж байгаа гэж яриад,  Солонгосын багшийн хөгжлийн институт энэ тэртэй харьцуулаад байна л даа. Өөрөө Монголын боловсролын нөхцөл байдал ямар байгаа билээ, газар нутаг хэр билээ, тархан суурьшсан байдал гэх мэттэй уялдуулахгүй ийм үйлдэл хийгээд байгаа юм. Энэ бүх завхралын эх үндэс нь БСШУСЯ үүрэг гүйцэтгэгчээр дүүрсэн.

-БСШУСЯ-нд мэргэшсэн албан хаагч хэр олон байна вэ?

-Төрийн мэргэшсэн албан хаагчид байхгүй болсон. Замбараагүй халаа сэлгээнээс нь болоод олон хүн хохирч байна. Дээр нь яамны Төрийн нарийн бичгийн дарга нь үүрэг гүйцэтгэгч. Боловсролын яам хоёр ч Төрийн нарийн бичгийн даргаа халчихлаа шүү дээ. Өмнө нь Баярсайхан гэж хүн байсан, халсан. Энэ хүн гурван шатны шүүхэд ялаад гараад ирсэн байхад албан тушаалд нь буцаан тавьдаггүй. Дараа нь Болормаа гэж боловсролын салбарт мэргэшсэн хүн байсан, Цогзолмаа сайд хувийн шалтгаанаар энэ хүнийг бас халсан. Шүүх дээр ялчихаад байхад эргүүлээд авдаггүй. Төрийн нарийн бичгийн дарга жинхэлж, албаа гүйцэтгэхгүй байгаа учраас ийм завхрал үүсээд байна гэж үзэж байгаа юм. Бид Багшийн мэргэжил дээшлүүлэх институт дээр үйлдвэрчний эвлэлийн холбоогоо албан ёсоор байгуулаад, бичиг баримтаа авсны дараа хөдөлмөриaн хамтын маргаан үүсгэнэ. Тэмцлийн бүх арга хэмжээг авна. Ер нь Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд хэн ажиллаж, шударга бус байдал бий болоод байна вэ гэдэг асуудлыг тавина. Сүрэнчимэг гэдэг хүн тогтвортой багшилсан, боловсролын салбараас гарсан хүн мөн үү гэдэг нь бас эргэлзээтэй. Сураг дуулахад, хувийн сургалтын байгууллагад байсан хүн гэнэт энэ том албан тушаалд томилогдсон байна.

-Мэргэжлийн багш хүн мөн үү?  

-Яг багшаар мэргэшсэн хүн биш, амжилт бүтээл гаргасан зүйл байхгүй. Бас хувийн харьцаагаар ханддаг. Дам сураг сонсоход ажил албан тушаалаа ашиглан их хэмжээний засвар хийлгэсэн асуудал нь сөхөгдөх байх. Цаашлаад өөрийнхөө хувийн сургалтын байгууллагын сургалтыг институтийн мэргэжилтнүүдэд шахсан, дээрээс нь нэмээд АТГ-аас ерөнхий нягтлан бодогчийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж ажиллуулаагүй гэх мэт олон асуудал байна. Энэ нь өөрөө яамны боловсон хүчний бодлого алдагдсан,

-БОЛОВСРОЛЫН ЯАМ ХОВДЫНХНООР ДҮҮРСЭН, ЖАЛГА ДОВНЫ ҮЗЭЛ
ИХ ГАРГАЖ БАЙНА-

-БСШУСЯ-нд үүрэг гүйцэтгэгч бий гэж та олон дурдлаа. Өнөөдөр хэдэн үүрэг гүйцэтгэгч байна вэ?

-Төрийн захиргаа удирдлагын газрын дарга нь үүрэг гүйцэтгэгч, Төрийн нарийн бичгийн дарга нь үүрэг гүйцэтгэгч байна.

-Танай институтээс халагдсан 70-аад ажилтан үнэхээр салбартаа мэргэжлийн ур чадвар, мэдлэгээрээ гологдож буй хүмүүс үү?

-Тэнд ердөө ур чадвар дурдаагүй. Чи хариуцлага алдсан тул ажлаас чөлөөлөгдөх боллоо гэж байгаа бол нэг өөр. Ямар нэгэн хариуцлага, ёс зүйн зөрчил гараагүй байхад бүтцийн өөрчлөлт нэрээр, ямар нэгэн судалгаа дүгнэлт байхгүй, төрийн албаны тогтвортой байдлыг хадгалж чадаагүй, боловсролын салбарынхаа өнөөгийн бүтэцтэй уялдуулж чадаагүй ийм шийдвэр гаргаж байна. Нэг ажилтны хийж байсан ажил дээр гурав, дөрвөн хүний орон тоо бий болгочихоор яах вэ. Энд олон жил ажилласан, дадлага туршлагатай багш нар хүртэл хэлмэгдэж байна. Боловсролын салбарыг өөр түвшинд аваад явчих хүмүүс маань хэлмэгдээд, ажилгүй болох гэж байна.

-Салбарын сайд та бүхний ажилд дүн тавьдаг. Эсрэгээрээ та бүхэн сайддаа ямар дүн тавьж байна вэ?

-2016 онд сонгогдож, үнэмлэхүй олонхи болчихоод байгаа Ардын намын Засгийн газар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гурван сайд томилсон байна. Дунд нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байсан Ж.Мөнхбат нэг хэсэг ажилласан, үндсэндээ дөрвөн сайд ажиллачихаж байна. Цогзолмаа сайд боловсролын энэ том бүтцийг мэргэжлийн ур чадвартай удирдаж чадахгүй байна. Хувийн ааш араншинаар зохицуулж байна. Одоо нууц би болсон шүү дээ.

-Юу тэр вэ?

-Боловсролын яам Ховдынхноор дүүрсэн. Жалга довны үзэл их гаргаж байна. Эргээд ямар нэгэн судалгаа шинжилгээгүйгээр боловсролын хөтөлбөрт хүртэл өөрчлөлт оруулж эхэлж байна. Энэ нь өөрөө эргээд боловсролын тогтвортой байдлыг алдагдуулж байгаад багш нар их эмзэглэж байна. БСШУС-ын салбарт нийт 70 гаруй мянган хүн байгаа. Үүний бараг 90 гаруй хувийг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтнууд эзэлдэг. Монголын багш нар бүтэн жил гаруйн хугацаанд цалин хөлсөө нэмүүлье гэдэг, асуудал нэг ч алхам урагшилсангүй. Дандаа худлаа амлалт өгдөг. Ямар нэгэн байдлаар бусниулдаг. Монголын үйлдвэрчний эвлэлтэй хуйвалдаад тэмцлийг зогсоочихдог. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр багш нараа доромжилдог. Мянга мянгаар нь хална гэж сүрдүүлдэг. Цогзолмаа сайд АТГ-т олон асуудлаар шалгагдаад явж байгаа юм билээ. Хуурамч тамганы хэрэг, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Мөнхөөлэй гэх хүний зүй бус үйлдлүүд, нөхөртөө үнэтэй машин авч өгсөн гэх мэтчилэн мэдээллүүд яваад байдаг. Дээр нь өөрөө давхар дээлтэй. Яаман дээрээ ажил хийдэггүй. БСШУСЯ-ыг тэр Мөнхөөлэй гэдэг хүн удирдаж байдаг. Энэ бол нууц биш. Яамны мэргэшсэн ажилтнууд асар их дарамтад ажилладаг гэсэн мэдээлэл байдаг.

-Саяхан Цогзолмаа сайд дөрвөн багшийг гэл үү өөртэй нь мэндэлсэнгүй хэмээн ажлаас нь халах тушаал буулгасан гэж сонссон. Энэ үнэн юм болов уу?

-Өчигдөр (VIII/13) шүү дээ. Багшийн мэргэжил дээшлүүлэх институт дээр ажилласан. Хичээл эхлэх гээд сургалтууд явагдаад, ачаалалтай ажиллаж байгаа дөрвөн мэргэжилтнийг “Босож мэндэлсэнгүй” гэдэг шалтгаанаар “Энэ нөхдүүдийг ажлаас нь хал” гэж хэлээд гараад явсан байгаа юм. Феодализмын үеийн дарангуй ёсыг үүсгэх гээд байна шүү дээ. Өөртөө сөхрүүж явдаг... Ийм л юм болоод байгаа юм.

-БАГШ НАРЫН МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР ТААРУУ БАЙГААГ ҮГҮЙСГЭХГҮЙ-

-Одоо боловсролын салбарыг хэн, яаж өөд нь татах юм бэ?

-Боловсролын салбарыг хэн нэгэн далдын хүчээр засчихгүй. Энд цэгцтэй зөв бодлого хэрэгтэй байна. Тогтвортой байх хэрэгтэй байна. Хамгийн гол нь яамны, салбарын удирдлагууд өөрсдөө мэргэжсэн, мэргэжлийн хүмүүс байх ёстой. Бид боловсролын тогоонд доороос нь ажиллаад гараад ирсэн тийм сайдтай болох юмсан гэж хүсч байна. Хэн нэгэн улс төрийн шоучин биш, хэн нэгэн дамын наймаачин биш...Сая Боловсролын дэд сайдын албан тушаал гүйцэтгэж байгаа хүн албан бичгийн найруулга, үг үсгийн алдаа гаргаад, салбараа бүхэлд нь доромжлоод сууж байгаа байхгүй юу. 30, 40 мянган багш байна, тэднийг бүхэлд нь доромжилж байна гэсэн үг.

-Таны бодлоор Монгол орны ирээдүйн боловсон хүчин, эздийг бэлтгэж байгаа багш нарын ур чадвар ямар түвшинд байна вэ?

-Тааруу байгааг үгүйсгэхгүй. Энэ нь өөрөө бидний байнга ярьдаг цалин, урамшууллын асуудалтай холбоотой. Мэдээж өндөр цалинтай, ажлын байр нь баталгаатай тийм ажил руу шинэ үеийн залуус тэмүүлж байна шүү дээ. Уул уурхай ч гэдэг юм, банк санхүү гэх мэт. Үнэндээ 200 доллар буюу 500 мянган төгрөгтэй тэнцэх цалинтай, дээр нь маш ачаалалтай ажил руу шилдэг залуучууд өрсөлдөөн гаргахгүй, багшийн мэргэжил эзэмшихгүй байна. Тийм учраас тэнд өрсөлдөөн байхгүйгээс элсэлтийн ерөнхий шалгалт дээр дунджаас доогуур үнэлгээ авсан, муугаар хэлвэл тааруу сурлагатай хүүхдүүд багшийн сургуульд ороод байна. Өнөөдөр багш мэргэжилтэн бэлтгэдэг 47 их, дээд сургууль байна. Хувь, хувьсгалын нийлсэн 97 их, дээд сургуультай. Үүнээс 50 хувь нь багш бэлтгэж байна....

-Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд багш нар цалингаа нэмүүлэхээр дахин орон даяар ажил хаяж, жагсана гэсэн. Тэр талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Сошиал ертөнцөөр сургууль эхлэхтэй зэрэгцээд энэ сарын 30-нд багш нар жагсаал хийнэ гэсэн мэдээлэл яваад байгаа юм. Ямар ч байсан энэ нь манай хөдөлгөөнөөс гаргасан мэдэгдэл биш. Өнгөрсөн жил ийм мэдээлэл явж байж бид наймдугаар сарын 30-нд жагсаал хийсэн. Дээрх мэдээллийг хэн нэгэн санаатай явуулаад байгаа юм уу, эсвэл санамсаргүй яваад байна уу, бүү мэд. Манай байгууллагаас жагсаалын үйл ажиллагаа явуулахгүй. Гэхдээ ирэх долоо хоногоос БСШУС-ын сайд Цогзолмааг албан тушаалаасаа өөрөө огцрох шаардлага хүргэж, тэмцлийн үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Иргэд олон нийтдээ хандаж хэлэхэд угаасаа таны үр хүүхдийн сайн сайхны төлөө ажиллаж байх ёстой салбар улс төрийн бохир тоглоомд орчихлоо. Энэнээс гаргахын төлөө Монголын багш нарын цалин нэмүүлэх хөдөлгөөн, Багшин цалин нэмүүлэх түр хороо, Монголын багш нарын үйлдвэрчний эвлэл тэмцлийн үйл ажиллагаа явуулж байна. Улс орон даяар уухайлан дэмжээрэй. Багш нар маань дэмжиж оролцоорой. Гол нь оролцоо байж байж бид энэ салбараа өөд нь татна.

 

Medee.MN