У.Хүрэлсүхийн Засгийн газар ганхаж эхэллээ

Moderator
2018/08/13

-МАН ийм муухай харагдаж байсан удаа ер нь бий болов уу-

Өнгөрсөн хоногуудад болж өнгөрсөн үйл явдлууд У.Хүрэлсүхийн Засгийн газарт хариуцлага хэр байгааг харуулав. Ямартай ч ЗТХЯ-ны удирдлагууд яамандаа гарсан хүн амины хэрэг, вагон замаасаа гарсан асуудлууд дээр албан тушаалаа өгч буйгаа мэдэгдсэн.

Үүнтэй зэрэгцээд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлаж, дараах шийдвэрийг гаргаснаа мэдэгдсэн юм. Тэрбээр “Сахилга хариуцлага, дэг журмыг бид шат шатандаа хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Цаашдаа ч бид төрийн албаны сахилга хариуцлагыг бэхжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт тавьж ажиллах ёстой гэдгийг дахин мэдэрлээ. Тийм учраас Зам, тээврийн хөгжлийн яамыг удирдаж байгаа удирдах түвшний сайд, төрийн нарийн бичгийн дарга нар, холбогдох газрын дарга нарыг өнөөдрийн /өчигдрийн/ Засгийн газрын хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлж байна” хэмээлээ. Ерөнхий сайдын гэнэтийн гэмээр энэхүү мэдэгдэл олныг цочирдууллаа.

Уг нь түүнийг олон нийт танхимаа тэргүүлдгийн хувьд, танхимаа удирдан хамгаалж, өмнөөс нь хариуцлага хүлээх байх гэж найдсан. Гэтэл Ерөнхий сайд асуудлаас цэвэрхэн бултаж цэргүүдээрээ туг тахиж хариуцлагыг өөрөөсөө холдууллаа. Ийнхүү тэрбээр ярьдаг шигээ зоригтой шийдвэрийг энэ удаад гаргаж чадаагүй нь түүнийг шударга, эх оронч хүн мөн үү гэж бодоход хүргэж байгааг нуух юун.

МАН эв нэгдэл, үнэт зүйлгүй болчихсон

Бодит үнэнийг хэлэхэд нэг намын системтэй байхаас улс орныг удирдсан энэ хүчин эхнээсээ чанга хатуу дэг, эрэмбэ дараа, хүндлэл нэвт ханхлуулсаар ирсэн гэхэд буруудахгүй. Гэвч энэ цаг үед МАН-д эв нэгдэл гэх зүйл үлдэхгүй болтлоо хүчин мөхөстлөө. Уг нь энэ нам шударга ёс, эв нэгдэл, үндэсний эрх ашгийг үнэт зүйлээ болгон ажиллана хэмээн Үзэл баримтлалдаа тусгасан байдаг. Харамсалтай нь, дээрх үнэт зүйлсээс сахин хамгаалсан нэг зүйл үлдээгүй.

Хатуухан хэлэхэд, МАН-ын У.Хүрэлсүхийн баг энэхүү үнэт зүйлийг сахин хамгаалахын оронд улам талцал тэмцлийн индэр болгож орхисон гэдгийг өнгөрсөн хугацаанд болсон гэнэтийн гэмээр зүйлүүд нотлон харуулж байна. Ард түмэн тэдэнд итгэл хүлээлгэж улс орныг дангаар шахам удирдах эрхийг өгсөн атал хариуцлага гээч зүйл алдагдсанаас болж ийнхүү олны итгэлийг хөсөрдүүлэв. Энэ байдлаараа МАН 2020 оны сонгуулиар дахин олонх болж, эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлж, дуусгана гэх итгэл үнэндээ алга.

МАН-ын хэрүүлийг хөндлөнгөөс ажвал, 2016 онд АН ялагдах болсон шалтгааныг дэлгэрэнгүйгээр харж болохоор аж. 2012-2016 онд АН УИХ-д 34 суудалтай, олонхын байр суурьтай, ихэнх аймгийн удирдлагыг гартаа авсан байсан. Гэтэл зөвхөн дотоодын хэрүүлээсээ болж 2016 онд есхөн суудалтай хоцорч, ганц л аймагт ялалт байгуулсан. Тэд одоо тэмцье гээд ч босох тэнхэлгүй байгаа. Харин энэ гашуун түүхийг МАН давтах гэж байна. Энэ уналт нь АН-д сайхан боломж гаргаж өгөх нь ойлгомжтой.

Угаасаа 2021 онд МАН-ынхан эрх баригч болж чадахгүй бол түүхт зуун жилийн ой тэмдэглэхийн оронд намаа татан буулгасан этгээдүүд болж түүхэнд бичигдэнэ. Хамгийн гол нь, МАН-ын эвдрэлийн гор У.Хүрэлсүх, М.Энхболд хоёрт яг адилхан хүндээр тусна гэдгийг шинэхэн популистууд мэдэхгүй байгаад асуудал оршиж байна. Өөрөөр хэлбэл, эрх мэдэл албан тушаалын төлөө өөрийн үнэт зүйлсээ гаргуунд нь гаргасан тус намын залуусын болчимгүй үйл хэргийнх нь цаана намын задрал байгааг мэдэхгүй байна уу, эсвэл угаасаа ийм зорилго агуулав уу гэдэг нь тодорхойгүй.

Гэтэл МАН гэх улстөрийн хүчин үгүй болчихвол энэ мэт залуус гудамжинд гарахаас өөр тавилангүй үлдэнэ. Угаас тэдэнд бусдын адил хөдөлмөрлөж, өрсөлдөж, унаж боссон амьдралын туршлага байхгүй. Ид хийж бүтээх насандаа улстөрчдийн цүнхийг барьж, энд тэнд нь гарч гүйсээр өнөөгийн суудал сандлаа олж авсан этгээдүүд. Тэгэхээр тэдний өнөөгийн энэ үйлдлийг өөр газраас захиалсан гэж хардаж болно. Тэд эцэг, эхийнхээ өврөөс салахгүй, амьдралаа авч явах насанд хүрсэн ч тэжээлгэсээр байдаг залхуучуудын адилаар өөрсдийн намыг түнхэж, ухахаас өөр зүйл бүтээж, хийсэнгүй.

Тиймээс л ирэх 2020 оны сонгуульд МАН одоогийнх шигээ олонх болох нь бүү хэл МАН гэсэн нэр түүх болон үлдэх вий гэсэн дүр зураг харагдаж байна. Юутай ч МАН өнгөрсөн хугацаанд яасан их муухай зүйлүүдийг хийв ээ гэж халаглаж суух хүн даанч олон байна даа.