Р.Пүрэвдагва Даншигийн дархан аварга цол хүртлээ

Moderator
2018/08/06

“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд Хүй мандлын ногоон дэнжид өргөн дэлгэр боллоо. Уг наадамд хүчит 256 бөх барилдснаас Архангай аймгийн улсын арслан, Даншигийн аварга Р.Пүрэвдагва дөрвөн жил дараалан түрүүлж, Даншигийн дархан аварга цол хүртлээ. Харин Улсын харцага О.Хангай долоо даван үзүүрлэж, Даншигийн заан цол хүртжээ. Даншигийн дархан аварга Р.Пүрэвдагва, “Хүй мандлын дэвжээн дээр төр түмнийхээ зохион байгуулсан Даншиг наадамд дөрвөн удаа түрүүлж дархан аварга цол хүртсэндээ баяртай байна. Нийт монголчууддаа баяр наадмын мэнд хүргэе. Жил жилийн наадам урьд жилүүдийнхээ наадмаас онцлого сайхан болдог. Энэ жилийн наадам ч гэсэн ёслол төгөлдөр сайхан боллоо”  хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна. 

Мөн дөрвөн бөх Даншгийн начин цолны болзол хангажээ. Тодруулбал, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат Ц.Заяатүшиг, Увс аймгийн тэс сумын харьяат Б.Баянмөнх, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат М.Бадарч, Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат Ж.Бат-Эрдэнэ нар тав давж, начин цолны болзол хангасан байна.