Эзэнгүй төрийн эмгэнэл хүний аминд хүрэх шахсан нөхцлийг бий болгов

Moderator
2018/07/31

Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшинг өнөөдөр 11:00 цагийн орчимд албан өрөөнд нь нэгэн иргэн дайран орж хутгалсан тухай мэдээлэл сошиалд түймэр мэт газар авлаа. Үүнтэй холбоотойгоор зарим сайтуудад төрийн албан хаагчид халдсан  иргэн И-ийг  сэтгэцийн эмгэгтэй байсан мэтээр бичжээ. Ямартай ч баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар иргэн И Баянзүрх дүүргийн Засаг даргатай удаа дараа уулзахыг хүссэн, тус дүүрэгт жагсаал цуглаан хийх зөвшөөрөл авахаар хөөцөлдөж байсан нэгэн гэнэ. Ийм хүн сэтгэцийн эмгэгтэй байх уу гэж асуух хүмүүс цөөнгүй байна. 
Баянзүрх дүүргийн хувьд Нийслэлийн хамгийн олон иргэн төвлөрсөн дүүрэг бөгөөд дүүргийн хэмжээнд Орон  нутгийн сонгуулиас үүдэлтэй засаглалын хямрал бодитой нүүрлэж, ИТХ-ын болон ЗДТГ-ын үйл ажиллагаа нь доголдож, төрийн үйлчилгээг иргэддээ хүргэх тал дээр асуудалтай явж ирсэн нь нууц биш. Энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн дүүргийн иргэд удаа дараа  Нийслэлийн засаг дарга С.Батболдод хандаж хүсэлт хүргүүлж, шаардлага тавьж, жагсаал цуглаан хийсэн ч тусыг эс олсон. Хотын даргын зүгээс Баянзүрх дүүргийн асуудлыг "бутач" хүүхэддээ хандаж байгаа мэтээр анхааралдаа авалгүй зөнгөөр нь орхисон. 
Дүүрэг төр захиргааны байгууллага "эзгүйдсэн"-ий уршгаар  тус дүүрэгт  иргэдэд  үзүүлэх газар өмчлөл эзэмшлийн гэрчилгээ сунгалт, газар олголттой холбоотой  үйл ажиллагаа тодорхойгүй хугацаагаар зогсож, төрийн зарим төрлийн үйлчилгээ доголдож эхэлсэн, дээр нь засаг барьж байгаа албан тушаалтнуудын хүнд суртал  нь ийнхүү иргэдийг удаа дараа бухимдуулж эцэстээ хутга шөвөг барихад хүргэсэн байж болзошгүй. 
Нийслэлийн хэмжээнд иргэдэд  үзүүлэх үйлчилгээнээс илүү найр наадам, зугаа цэнгэлийг эрхэмлэсэн дарга, иргэдээ басамжилж доромжилсон, ажлаас илүү амралтыг эрхэм болгосон хурган дарга нарын үйлдэл ийнхүү хүний амины хэрэг гарах шахсан нөхцөлийг бүрдүүлэв. Аргаа барсан иргэний үйлдлийг аргацааж, түүнийг сэтгэцийн эмгэгтэй байсан мэтээр доромжилж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах нь хэнд ашигтай вэ?
Иргэдийг дахин дахин чирэгдүүлдэг, удаа дараа явуулдаг, элдэв баримт бичиг нэхдэг, танил талгүй бол хөөцөлдөж байгаа ажлыг нь гацаадаг,  олон янзын тайлбар өгдөг, дарга нар албан ажил дээрээ байдаггүй, ажлаас илүүтэй асралт зугаа цэнгэлийг эрхэмлэдэг зэрэг  манай улсын төрийн албаны албан хаагчид гаргадаг  түгээмэл дутагдал ийнхүү иргэдийг бухимдуулж, иргэд төрийн албан хаагчийн эсрэг хүйтэн зэвсэг барихад хүргэж байна. 
Энэ асуудлыг шат шатандаа анхаарч төрийн албан хаагчид иргэдэд үзүүлдэг үйлчилгээгээ түргэн шуурхай, хүрд суртал гаргалгүй үзүүлдэг болохгүй бол бухимдсан иргэдээс цаашид  ямар ч араншин гарч мэдэх нь байна.