“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлуудын хэрээс хэтэрсэн тансаглал

Moderator
2018/07/18

Монголчууд 1990 онд бүгд л нэгэн зэрэг, халаас хоосноороо зах зээлийн эдийн засаг гээч рүү алхан орсон. Өнгөрсөн 30 шахам жилд бидний дундаас сүйхээтэй, холч ухаант нөхдүүд яах аргагүй тасран гарч, амжилт бүтээлийн оргил өөд мацаж яваа нь үнэн. Гэвч энэхэн хугацаанд баян, ядуугийн ялгаа ийн тэнгэр, газар шиг хол зөрүүтэй байгаа нь хачирхмаар. Бүр хоёр, гуравдугаар үеийн баячууд төрөн гарч, дэлхийн магнатуудын дайтай аж төрж байгаа.

Мэдээж цэвэр өрсөлдөөний дүнд сугаран гарсан хүмүүсийг буруутгах аргагүй, харин ч бахархах ёстой. Харин төрөөс төрсөн тэрбумтнууд, төсөв, татвараар тоглож, нийгэм рүү урсах хөрөнгийг өөрийн халаас руу чиглүүлж байгаа этгээдүүдийг зүгээр орхих ёсгүй.

Тиймээс бид улсын хөрөнгийг хайр гамгүй шамшигдуулж байгаа бүлэг этгээдийг баримттайгаар илчлэн гаргахаар зорьсон юм.

Энэ удаад бидний өгүүлэх гол баатрууд бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлууд.

Эх сурвалжийн мэдээлсний дагуу эрэн сурвалжлахад, тус компанийн удирдлагуудын зүгээс захирлууддаа зориулж зээлийн карт гаргажээ. Тэр ч бүү хэл үүнтэй холбоотойгоор дараах журмыг мөрдлөг болгохыг заажээ.

Гэхдээ журмын заалтууд тун ойлгомжтой. Тухайлбал, журмын 2.1-т “Компанийн зээлийн картыг гадаад улс орнууд болон дотоодод зохион байгуулагдсан ажил хэргийн уулзалт, арга хэмжээнд зориулж зарцуулалт хийхэд ашиглана” гэж тодорхой бичжээ. Мөн 2.2-т нь “Компанийн зээлийн картыг 2.1 дэхь заалтад зааснаас бусад зориулалтаар ашиглахыг хориглоно” хэмээсэн байв.

Гэтэл эрхэм захирлууд уг журмыг огт уншаагүй юу, эсвэл үл тоомсорлов уу гэлтэй аашилж байдаг аж. Тэд Сөүл ресторан, Гэр ресторан, Garden буфет, Шангрилла-д л өдрийн зоог барьдаг. Үгүй ядаж дундаж газруудаар ордоггүй ба тооцоог мөнөөх кредит картаар хийнэ.

Кредит картын тухайд захирлуудын эрэмбээс шалтгаалж харилцан адилгүй зарцуулалтын хязгаартай юм билээ. Тухайлбал, тус компанийн гүйцэтгэх захирлын карт 10 сая, асуудал эрхэлсэн дэд захирал болон захиргаа удирдлагын асуудал хариуцсан газрын захирал нар тус бүр гурван сая төгрөгөөр сар тутам цэнэглүүлдэг ажээ.

Гэхдээ ийм лимит тогтоолоо гээд энэ дотроо хүссэнээрээ загнана гэсэн үг биш гэдгийг дээрх журмын заалт тодорхой харуулж байна.

Тэгээд ч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлууд зайлшгүй зээлийн карт ашиглаж, ажлаа явуулах ямар шаардлагагүй. Тэд өндөр цалинтайгаас гадна удирдлагын урамшуулал гээчид байнга хамрагддаг, ер нь монголчуудын орлого сайтай бүлэгт хамаарагдах этгээдүүд яах аргагүй мөн.

Жишээ татахад, “Эрдэнэс Тавантолгой”ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг 7 сая, Санхүү эрхэлсэн тэргүүн дэд болон бусад дэд захирал тус бүр 5.5 сая төгрөгийн цалинтай. Мөн компанийн ахлах зөвлөх гэхэд л сард 5 сая төгрөгийн цалин. Өөрөөр хэлбэл, тэдний цалинг Статистикийн Ерөнхий газрын гаргасан дундаж цалин хөлстэй харьцуулан бодоход л жирийн иргэний хагас жилийн турш хуруу хумсаа хуйхлан байж олдог мөнгийг ганц сард л авчихдаг болж таарч байна. Гэвч статистикчдын гаргасан тооцоолол хуудуутай, бодит байдлаас хол зөрүүтэйг хүн бүр мэднэ.

Уг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн өмчийн компаниуд алдагдалтай ажилладаг мөртлөө өндөр цалин, урамшуулал авдаг, өндөр үнэтэй авто машин унадаг, гадаад, дотоодод томилолтоор явдаг зэрэг үрэлгэн зардал, тансаглалыг зогсоож байна хэмээн өнгөрсөн нэгдүгээр сард хэлж байсан удаатай. Гэтэл энэ нь биеллээ олох нь бүү хэл улам даамжирч, бүр өөрсдөдөө зориулж зээлийн карт хүртэл гаргажээ.

Гэтэл 15 жил ажилласан сувилагч сард 469 мянган төгрөгийн үндсэн цалинтай ба үүнээсээ татвар, шимтгэл төлсний дараа гар дээрээ 379 мянган төгрөг л авч байгаа. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зөвлөх хэмээх албан тушаалтны үүрэх хариуцлагыг хорт хавдрын хөнгөвчлөх тасгийн сувилагчийн ачаалалтай харьцуулж нэг бодох ёстой болж байна. Эмч, сувилагч нар арга ядахдаа ажил хаяна гэцгээж байсан ч эцсийн мөчид иргэдийн эрүүл мэнд, амь насыг батлан даах үүргээ өөрсдийн тарчиг амьдрал, өлөн зэлмүүн өсөж буй үр хүүхдийнхээ хувь заяанаас дээр тавьж, ажлаа хэвийн үргэлжлүүлсэн.

Харин төр засаг тэдний цалинг 10 мянган төгрөгөөр ч нэмээгүй. Ерөнхийдөө төмөр нүүрээ харуулсан. Гэвч бодит байдал дээр төсөв хэцүү, дутмаг учраас цалин нэмж чадахгүй байгаа юм биш гэдгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлуудын тансаглал харуулж байна. Өөрөөр хэлбэл, эмч, сувилагч нарын цалинг нэмэх мөнгөөр энэ мэт компаниудын хурган дарга нарыг эрхлүүлсээр байгаа нь төсөв хоосорч байгаагийн нэг илрэл биз ээ.

Ямартай ч дээрх нэр бүхий захирлуудтай холбоотой, тэдний эзэмшдэг зээлийн кредит банкны дансны хуулгыг баримттайгаар хүргэнэ.

 

ERENNEWS.MN