Цэрэг, цагдаагийн албан хаагчиддаа баярлалаа

Moderator
Өчигдөр 14 цаг 19 минут

Үндэсний их баяр наадмаар гэмт хэрэг зөрчилгүй тайван сайхан наадлаа. Ийнхүү тайван сайхан наадахад энэ сарын 9-нөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа цэрэг, цагдаагийн албан хаагчдад гүнээ талархал илэрхийлье. Тэд жилийн жилд баяр болгоноор өргөсөн тангарагийнхаа төлөө өөрийн гэр бүл, үр хүүхдүүдийг бүлтийтэл нь үлдээгээд ард түмнийхээ аюулгүй байдал, амар амгалангийн төлөө албан үүргээ гүйцэтгэхээр гардаг.

Тодруулбал, Хүй долоон худагт цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 1000 гаруй алба хаагч уралдааны аюулгүй байдлыг хангаж, наадамчин олныг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг гүйцэтгэн ажилласан байна. Тухайлбал, баяр наадмын хоёр дахь өдөр буюу долдугаар сарын 12-нд соёолон насны хурдан морьдын уралдааныг үзэж сонирхсон 60-70 мянган иргэний амар тайван, аюулгүй байдлыг хангаж, 13 мянга орчим автомашины хөдөлгөөнийг зохицуулж ажиллажээ.

Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан урлаг соёлын тоглолтын үеэр цагдаагийн алба хаагчид хамгаалалт зохион байгуулах болон иргэдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах үүргийг амжилттай гүйцэтгэсэн аж. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүйн долоон худаг болон Сүхбаатарын талбайд эцэг, эхтэйгээ баяр наадам үзэж явсан 62 хүүхэд төөрснийг  цагдаагийн алба хаагчид олж эцэг, эх, асран хамгаалагчид хүлээлгэн өгсөн байна. Энэ жилийн наадмаар төөрсөн хүүхдийн тоо өнгөрсөн оныхоос 27 хувиар буурсан нь цагдаагийн байгууллагаас бага насны хүүхдийг төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор асран хамгаалагчийнх нь утасны дугаар бүхий бугуйвчийг зүүж өгч, эцэг, эхчүүдэд сайтар анхааруулж, сэрэмжлүүлсэн нь үр дүнтэй болжээ.

Тиймээс ард иргэдийнхээ аюулгүй, сэтгэл амар баярлах нөхцөл боломжийг хангахын төлөө өөрсдөө ч баярлаж чадаагүй, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан Цагдаагийн байгууллагын бүхий л албан хаагчиддаа нийслэлчүүдийнхээ өмнөөс баярласнаа илэрхийлье. Цагдаагийн албан хаагчиддаа баярлалаа.