Сар бүрийн 9-ний өдрийг нийслэл даяар “Аюулгүй байдлын өдөр” болгоно

Moderator
2018/07/09

НИТХ-ын Тэргүүлэгчид цаг үeийн асуудал, хүүхдийн аюулгүй орчны талаар холбогдох нийслэлийн бүх байгууллагуудын удирдлагуудад үүрэг чиглэл өгч, хариуцлага тооцох асуудлаар хуралдлаа. 

Хуралдаанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөлийн гишүүд, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК болон бусад холбогдох газар, албан тушаалтнууд оролцов. 

Хурлын үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан, төрийн байгууллагууд бие биедээ хийж буй ажлуудаа даатган, хойрго, хариуцах эзэнгүй, хамтарч, уялдаа холбоотой ажиллахгүй байгааг шүүмжлэн, төрийн байгууллагуудад аюулгүй орчин нөхцөл бүрдүүлэх, хянан шалгах үүргээ биелүүлэхийг шаардлаа. 

Өдөрт дунджаар 10-15 хүүхэд алга болсон тухай дуудлага ирж байна. 

Мөн Нийслэлийн цагдаагийн газар болон Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлэл хийлээ. 

Сүүлийн үед хүүхэд алга болсон дуудлага тасралтгүй ирж, өдөрт дунджаар 10-15 дуудлага ирж байна. Нийслэлийн хэмжээнд 2017 оны байдлаар нийслэлийн хэмжээнд 1230 хүүхдийг эрэн сурвалжилж, бүгдийг нь олсон. Харин энэ оны эхний таван сарын байдлаар 1060 хүүхэд эрэн сурвалжлагдаж, 383 хүүхдийг нь тухайн өдөрт нь олж, үлдсэн хүүхдүүдийг 1-14 хоногийн дотор олсон байна. 

Үүнээс хоёр хүүхэд амиа алдсан байдлаар олдсон. 

Ахуйн гал түймрийн улмаас дөрвөн хүүхэд, гол усны улмаас нэг хүүхэд, цахилгаан, техник хэрэгслийн аюулгүй байдлаас үүдэн хоёр хүүхэд амиа алджээ. 

Ялангуяа амралт зугаалга эхэлсэн зуны өдрүүдэд хүүхдүүдийн амь эрсдэх, гэмтэж бэртэх нь ихэсч байна. Тиймээс эцэг эхчүүд хараа хяналтаа сайжруулан, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байх зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Түүнчлэн сар бүрийн 9-ний өдрийг нийслэл даяар “Аюулгүй байдлын өдөр” болгож, бүх аж ахуй нэгж, байгууллагууд иргэдийн амар тайван, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлж, хяналт шалгалтыг тогтмол хийж байх юм.