УИХ-ын гишүүн Ч.Улаан Оюутолгой төслийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх лобби бүлэг байгуулсан. Үүнтэй холбогдуулан түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Лобби бүлэг байгуулснаас хойш ямар ажил амжуулав. Ер нь ямар үндсэн чиглэлтэй ажиллах вэ?
-УИХ-ын 15 гишүүн санал нэгдэж Оюутолгойн асуудлаар лобби бүлэг байгуулсан. Лобби бүлгийн үйл ажиллагаа гурван үндсэн асуудалд чиглэж байна. Нэгдүгээрт, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах. Хоёрдугаарт, Оюутолгойн үр ашиг, өгөөжийг Монголын талд ашигтайгаар нэмэгдүүлэх арга замыг судлах. Гуравдугаарт, Дубайн гэрээг шинэчлэх гэсэн үндсэн чиглэлийн хүрээнд анхаарал хандуулан ажиллаж байна. Үүний хүрээнд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах УИХ-ын Ажлын хэсгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, төсөлтэй холбогдуулан УИХ-аас гаргасан аливаа шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиглэлд түлхүү анхаарна. Мөн ажил хэрэгч санал, санаачилга гаргаж, ажиллана. Ингэснээр УИХ-аар Оюутолгой төслийн үр ашгийг дээшлүүлэх ажлын хэсгийн үр дүнг хэлэлцэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно. Гишүүд өнгөрсөн долоо хоногт Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Дубайн гэрээ зэрэг эрх зүйн актыг хүлээн авч, нарийвчлан судлах ажлаа эхлүүллээ. УИХ-аас гарсан ажлын хэсэг удирдамжид заасан тодорхой асуудлаар тогтоосон хугацаанд ажиллан дүнгээ танилцуулж, үйл ажиллагаа нь дуусгавар болно. Харин лобби бүлгийн үйл ажиллагаа цаашид үргэлжилж, УИХ-аас хэлэлцэж гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг бодит ажил болгохын төлөө анхаарал хандуулан ажиллах юм. Бид үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй, шуурхай хүргэх болно.
-Дубайн гэрээнд та их шүүмжлэлтэй ханддаг. Анхны хөрөнгө оруулалтын гэрээнд ямар санал дүгнэлттэй байдаг вэ. Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалтын зардал ихээхэн нэмэгдсэн тухай шүүмжлэл гардаг шүү дээ?
-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд заасан тодорхой асуудлыг сайжруулах шаардлага бий. Анх байгуулсан гэрээнд анхаарал татсан сайжруулах зүйл бий. Дубайн гэрээнд Хөрөнгө оруулалтын болон Хувь нилүүлэгчдийн гэрээний тодорхой заалтыг нэлээд муутгасан хувилбараар байгуулсан учир бид шүүмжлэлтэй хандаж ирсэн. Тиймээс Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан тодорхой асуудлыг засч сайжруулах зайлшгүй шаардлага байна. Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг хянаж үзэхэд тодорхой заалтууд хэрэгжихгүй байгаа нь ажиглагдсан. Мөн гэрээг хэрэгжүүлэх явцад хөрөнгө оруулалтын талд санхүүгийн зөрчил, дутагдал илэрсэн. Анх баталсан ТЭЗҮ-ээс зардлын хэмжээг хэтрүүлсэн гэх мэт. Мөн хоёр талд ногдох ашгийн үзүүлэлтэд ч эргэлзээтэй зүйлс байна. Тиймээс энэ асуудлыг нэгбүрчлэн авч үзэн сайжруулах, Монгол Улсын хуульд нийцүүлэх, Монголын талд үр өгөөжтэй байх боломжийг бүрдүүлэхэд гол анхаарлаа хандуулах болно.
-Оюутолгойн гэрээг өөрчлөх, сайжруулах асуудлыг хөрөнгө оруулагч тал хүлээж авах эрх зүйн орчин бий юү?
-Анх байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, түүнийг сайжруулах арга замын талаар маш тодорхой заалт бий. Тэгэхээр уг гэрээгээ мөрдөж Монгол Улсын хууль тогтоожид нийцүүлэх бүрэн боломжтой. Хамтран ажиллаж байгаа хоёр тал асуудлаа шийдэхийн төлөө санаачилга гарган ажиллах ёстой.
-Дубайн гэрээний тухайд та ямар байр суурьтай байна вэ. Алдааг нь засна гэж байгаа?
-Дубайн гэрээ 57 заалттайгаас 21 нь Монголын талын эрх ашгийг хөндсөн, өмнөх нөхцөлийг дордуулсан байна. Өөрөөр хэлбэл, зайлшгүй эргэж авч үзэх ёстой гэсэн үг. Нарийн тодруулбал, 21 заалтаас зургааг нь хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Нэн даруй хүчингүй болгох ёстой. Эдгээр заалтад аливаа эрсдлийг зөвхөн Монголын талд үүрүүлэх, санхүү, хөрөнгө мөнгөний хариуцлага хүлээлгэх тухай тусгасан байна.
-УИХ-аас байгуулсан ажлын хэсэг энэ чуулганы хугацаанд дүгнэлтээ танилцуулж амжих уу?
-Амжуулах учиртай. 2008 онд гэрээ байгуулахын өмнөх үйл явцаас эхлээд олон төрлийн материалтай танилцаж, судалгаа хийх ёстой. Тиймээс манай лобби бүлэг ажлын хэсгийг энэ удаагийн чуулган хаахаас өмнө дүгнэлтээ танилцуулахад нь дэмжлэг үзүүлнэ.
М.Эрдэнэцэцэг
Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй
Тур оператор компаниудын анхааралд...
Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд хучилт хийнэ
"Хотын дарга сонсож байна" 150-150 тусгай дугаарт хэрхэн хандах вэ
Амралтын өдрүүдэд цахилгаан шугам тоноглолд хийх засвар үйлчилгээ хийнэ
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд
Өнөөдөр сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно