Хурлаа тасалдаг бүх шатны төлөөлөгчидтэй хариуцлага тооцдог больё


УИХ-ын Тамгын газраас жилд нэг удаа гишүүдийн ирцийг мэдээллэдэг. Тэгвэл энэ парламентад  Дундговьчуудын сонгосон Б.Наранхүү гишүүн “хамгийн их таслалтай” байгаа бөгөөд иргэд сонгогчид  түүний хариуцлагагүй байдалд дургүйцэж, эргүүлэн татдаг байх тухай асуудлыг ярьж эхлэснээс хойш багагүй хугацаа өнгөр одоо энэ асуудал нь Үндсэн хуулийн цэцэд хүрч шийдэгдэхдээ тулаад байна.

Иргэдийн зүгээс өөрийн сонгосон төлөөлөгч нь “Хаана ямар ажил хийж байна вэ”, “Ямар хуулийн төсөл санаачилсан бэ”, “Хуралдаа хэр идэвхтэй оролцож, иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ” зэрэгт анхаарлаа хандуулж, тойрогтоо ажиллах үед нь ирцийн мэдээллийг нь давхар асуудаг болжээ.  Энэ бол хариуцлагын зөв тогтолцоо юм.

Иргэдийнхээ  төлөө  зүтгэнэ гэж амлалт өгч  сонгогдчихоод хуралдаа  суудаггүй, тэгсэн атлаа  иргэдийнхээ төлөө ажиллаж  зүтгэж байна,  асуудлыг нь  шийдвэрлэж ажиллаж байгаа мэтээр гишүүн, төлөөлөгчид ярих нь учиртай дутагдалтай.

УИХ-ын гишүүдээс чуулгандаа суухыг шаардаж байгаа  иргэд олон нийтийн хариуцлага нэхсэн шаардлагыг зөвхөн УИХ-ын гишүүддэд бус нийслэл, аймаг, сум, дүүрэг гээд иргэдийн төлөөлөгчдийн бүх шатны хурлын төлөөлөгчидэд хамааруулан хэрэгжүүлэх  ёстой.  

Саяхан  НИТХ-ын дарга С.Амарсайхан хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хариуцлага тооцох тухай асуудал ярьсан нь иргэдийн талархалд нийцжээ. Гэхдээ энэ асуудлыг ганц хоёр удаа яриад өнгөрөх биш ажил хэрэг болгоосой гэж иргэд хүсэн хэлээж байгаа.  

УИХ-ын гишүүдийн хувьд чуулган тасалсан шалтгаанаа өөрийн сонгогдсон тойрогт ажиллаж байсан, тойргийн иргэдийнхээ асуудалд анхаарлаа хандуулсан гэх мэтээр  тайлбарладаг. Үнэндээ иргэдээс сонгогдсон сонгуульт ажилтнууд болох гишүүн, төлөөлөгчид  хурал чуулганаа таслаж, үндсэн үүргээ үл ойшоож байх хооронд улс орон,  аймаг нийслэл, сум дүүрэгт хэрэгжих ёстой байсан ажлууд тэдний санал санаачлага, идэвх оролцоогоор дутдаг гэдгийг гишүүд төлөөлөгчид тэр бүр мэддэг болов уу?

Иргэдийн хувьд бол сонгосон тойргийн гишүүн, төлөөлөгч нь хуралдаа суухгүй байгаагийн улмаас тойрогт хэлэлцэгдэх, шийдвэрлэгдэх ёстой асуудал нь хоцорч, тэр хэмжээгээр хөгжлийн тээг, тушаа болж  улсын ажил гацдаг гэдгийг хэдийнэ  ойлгодог, мэддэг болчихсон. Тиймээс нэн тэргүүнд гишүүд, төлөөлөгчдийн ирцийн мэдээллийг цаг тухай бүрт нь олон нийтэд мэдээлдэг байхыг, цаашлаад шалтгаангүйгээр хурал тасладаг, түүнийгээ хүндэтгэх бус шалтгаанаар  тайлбарладаг  гишүүд, төлөөлөгчдөд хариуцлага тооцдог байхыг иргэд шаардаж эхэллээ.

НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлсэн үгэндээ "Иргэдийн хурлын  төлөөлөгчид үйл ажиллагааны зардал, урамшуулал авдаг. Хэрвээ сардаа ганц удаа хуралддаг ээлжит хуралдааныг хүндэтгэх шалтгаангүйгээр тасалж, ирц нөлөөлсөн бол урамшууллыг нь хасдаг, хариуцлага тооцдог тогтолцоонд шилжих хэрэгтэй" гэжээ.  Түүний ярьсан энэ санал санаачлалыг хуульчлан тогтоож УИХ-ын гишүүд, бүх шатны ИТХ-ын төлөөлөгчидөд хамруулан хэрэгжүүлэх нь зүйтэй.

Иргэдийн итгэлийг хүлээж сонгогдсон атлаа зөвхөн өөрийн эрх ашигт нийцэх асуудалд идэвхтэй оролчихоод, бусад хэлэлцэгдэх асуудлыг  “надад хамаагүй”, эсвэл “миний сонирхдоггүй, ойлгодоггүй асуудал байна” гэх зэргээр шалтаг шалтгаан тоочоод хурал чуулгандаа суухгүй байж болох уу?

Тиймээс УИХ-ын  чуулганы болон бүх шатны ИТХ-ын хуралдаандаа суудаггүй, асуудал хэлэлцэхэд оролцдоггүй гишүүд, төлөөлөгчдийн ирцийг  нийтэд  зарлаж, эгүүлэн татдаг  эрх зүйн тогтолцоог бий болгох шаардлагатай байна.

Үүний өмнө нь гишүүд, төлөөлөгчдийн  авдаг урамшуулал, суудлын  мөнгийг нь хурлын ирцээс нь хамааруулан олгох зэргээр хариуцлагыг хэрэгжүүлж эхлэхийг УИХ-ын дарга М.Энхболд, НИТХ-ын дарга С.Амарсайхан нараас иргэд, сонгогчид хүсэн хүлээж байна.