Томчуудын машиныг тэмдэгтэй болгоё


Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж л “миний машин” гэж мэдэгдээгүй бол 0101 улсын дугаартай 2017 оны лексус 570 автомашиныг хэнийх болохыг нь мэдэхгүй өнгөрч магадгүй байлаа.  Тэгэхээр бид дараа нь ч гэсэн хэн гэдэг даргын машин гэдгийг мэдэхгүй өнгөрөх магадлал өндөртэй байна. Тиймээс төрийн мэдэлд байгаа, төрийн үйлчилгээнд явдаг бүх автомашинууд хажуу хаалга, арын цонх гэх мэт аль нэг газраа ямар байгууллагын автомашины болохоо илэрхийлсэн таних тэмдэгтэй болгох хэрэгтэй бололтой. Ингэх юм бол бид хэний машин хаана юу хийж явааг мэдэх бүрэн боломжтой болно. Нэг ёсондоо шилэн болчихлоо гэсэн үг. Ингээд ирэхээр тэд ажил хэргийн үеэр албаны машинаа, хувийн асуудлаа өөрийн тэргээрээ амжуулах болно. Манайхан их сүртэй хэний машин гэдэг нь мэдэгдэхгүй том том машинууд маяакаа асаагаад өглөө сургууль цэцэрлэгийн гадаа ачаалал үүсгээд эхэлдэг. Ард түмэн хүлээж түгжээнээс болж хэдэн цагийн дараа гэртээ харьж тэд нар болохоор улаан гэрлийг ч болтугай дайраад гэртээ харих. Тэгэхээр хэн нь ингэж давраад байгааг мэдэх хэрэгтэй. Нөгөө талаар орой үдэш баар цэнгээний газрын гадаа зогсож байгаа автомашинууд аль яамны хэнийг цэнгүүлж байна вэ, өдөр рестораны гадаа зогсож байгаа машинууд хэнийг хоолонд оруулж явна вэ гэдгийг нь мэдэх боломжтой болж байна.

Мөн ингээд таних тэмдэгтэй болчихвол албаны машинаар зугаалахгүй болчихож байгаа юм. Мөн нэгэнтээ гадуур зугаалгад ашиглахгүй ажил гэрийн хооронд зорчдог унаа юм чинь заавал дөнгөж үйлдвэрээс гарсан байх шаардлагагүй болж эхлэх болов уу гэж бодогдож байна. Үүнийг У.Хүрэлсүх сайд та ажил хэрэг болгож, төрийн албаны автомашинуудыг ард биднийхээс ялгаж өгнө үү.