Монголчууд архидалтын хэмжээгээр Азид 4-т эрэмбэлэгджээ


Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Ази тивийн хамгийн их согтууруулах ундаа хэрэглэдэг улсаар Бүгд Найрамдах Солонгос улс тодорсон байна. 15-аас дээш настай Өмнөд Солонгос улсын иргэн жилд дунджаар 10.9 литр согтууруулах ундааны төрлийн зүйл  хэрэглэдэг гэсэн үзүүлэлтээр жагсаалтыг тэргүүлжээ.

Вьетнам болон Тайланд Улс 8.7 ба 8.3 литр гэсэн үзүүлэлтээр тус тус хоёр гуравдугаарт орсон бол Монгол Улсын хувьд насанд хүрсэн дундаж иргэн жилд дунджаар 7.8 литр согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэдэг гэсэн үзүүлэлтээр дөрөвдүгээр байранд орсон байна.  

БНХАУ 7.6 гэсэн үзүүлэлтээр манай улсын дараа тавдугаарт орсон байна. Хятад улсын хувьд найз нөхөд болон ажлын хамт олонтойгоо уух нь өөрийн карьераа өсгөх чухал хүчин зүйл болдог хэмээн судалгаанд онцлон тэмдэглэсэн байна.

Өмнө нь энэ жагсаалтыг тэргүүлж байсан Япон улсын хувьд 7.5 литр гэсэн үзүүлэлтээр таван байр ухарч зургадугаар байранд жагссан бол хотжилт, нийгэмшлийн процесс эрчимтэй өрнөж байгаа Филиппин улс согтууруулах ундааны хэрэглээ хамгийн хурдацтай өсөн нэмэгдэж байгаа орон болжээ.

 Судалгаанаас лалын шашинтай улсуудын иргэд согтууруулах ундаа хамгийн бага хэрэглэдгийг харж болохоор байна. Тухайлбал, Бангладеш Улсын хувьд 0.2 литр байгаа бол Пакистан Улс хамгийн бага буюу нэг иргэн дунджаар 0.1 литр согтууруулах ундаа хэрэглэдэг хэмээн тус судалгаанд дурдсан байна.