Жил бүрийн 12-р сарын 10 буюу өнөөдөр Ардчилсан хувьсгалын ойг тэмдэглэдэг уламжлалтай билээ. Тэртээх 1989 оны 12-р сарын 10-ны өдөр Ардчилсан хувьсгалын гол хөдөлгөгч хүч, түүчээ нь болсон “МоАХ” анхны албан ёсны цуглаанаа хийж, Монголын төр засаг, эрх баригчдад хандан улс төрийн шаардлага тавьсан юм.
Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Ардчиллын дууч, “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсаны хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээг зохион байгуулж эхлээд даруй гурван оны нүүр үзжээ.
Энэ удаад ч мөн уг ёслолын арга хэмжээ Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, ТБД андуудын урд болж байна.

С.Цогтсайхан агсан бол улс төрийн манлайлагч, Ардчиллын сүлд дуу “Хонхны дуу”-ны зохиогч гэдгийг хүн бүхэн сайн мэднэ. Энэ дуу 28 жилийн турш ардчиллыг сурталчлах гол хэрэгсэл болон цуурайтсаар ирлээ. Монголд Ардчилсан парламентын тогтолцоог үүсгэн бэхжүүлэх, ардчиллын үнэт зүйлийг бий болгох үйлсэд гүйцэтгэсэн түүний үүрэг гавьяа үнэлж баршгүй гэдгийг журмын нөхөд нь түүнийг дурсан санагалзах энэ өдөр цохон тэмдэглэдэг билээ.
Уг хөшөөг анх Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн санаачилгаар Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн ажлын хүрээнд бүтээж байсан бөгөөд түүнээс хойш түүхэн тэмдэглэлт энэ өдрийг тохиолдуулан хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагааг уламжлал болгон хийсээр иржээ.

Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын үед Монголын ард түмний сэтгэл зүрхэнд “Хонхны дуу” эгшиглэж, тэд өвлийн тэсгэм хүйтнийг ч үл ажран цуглаан тэмцлээ үргэлжлүүлсээр байсан билээ. Энэ утгаараа С.Цогтсайхан агсаны ахалж байсан тухайн үеийн “Хонх” хамтлаг ардчилсан хувьсгалын түүхэнд том гавьяа байгуулсан гэхэд хилсдэхгүй.
“Хонх” хамтлагийн залуус "Хонхны дуу"-наас гадна "Бидний араншин","Үүлэн чөлөөний нар", "Хотын гудамж", "Алтан хавчаар", "Рашаантын 18", "Албан тасалгааны цонхоор" зэрэг олон сайхан дуугаараа Монголын урлагт нэгэн шинэ өнгийг нэмж, монголчуудын зүрх сэтгэлд олон он жилийн туршид хоногшиж чадсан билээ.
2014 оны 12-р сарын 10 буюу Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, “Хонхны дуу”-нд Төрийн соёрхол хүртээсэн юм. Тэрхүү зарлигт: "Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын сүлд дуу- Сосорбарамын Цогтсайханы үг, ая "Хонхны дуу"-нд Төрийн соёрхол хүртээсүгэй" гэжээ.
"Хонхны дуу" нь Монголын ард түмний зүрх сэтгэлд хүрсэн мөнхийн бүтээл болж, өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй байгааг шагнал гардуулах үеэр тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцлоод: "XX зууны хүйтэн дайны үед нийгмийг өөрчлөхийг хүссэн маш олон дуу зохиогдож байсан. Гэхдээ "Хонхны дуу" шиг өөрчлөлт рүү уриалсан, татсан, ардчиллыг бүрэн утгаар нь гаргаж чадсан, сүлд дуу болтлоо хоногшсон бүтээл байхгүй.
Өнөөдөр ч хүмүүс "Хонхны дуу"-г дуулмаар санагдах юм гэж ярьдаг. "Хонхны дуу" ирээдүйд ч ач холбогдлоо алдахгүй, хэдэн үеийг, нийгмийг шинэ зүйлд дуудсан мөнхийн бүтээл байна.
Энэ агуулгаар "Хонхны дуу"-нд Төрийн соёрхол хүртээж байна. Төрийн соёрхолыг бүтээлд олгодог юм шүү" гэж онцлон хэлж байсан билээ.
Дашрамд дурдахад, 1989 оны 12-р сарын 10-ны өдөр Хүүхэд залуучуудын соёлын төв өргөөний гадаа Монголын Ардчилсан холбоо байгуулагдсаныг зарлаж, тэр үеийн Улс төрийн товчоо, Ардын их хурлын тэргүүлэгчдэд хандан 14 зүйл бүхий шаардлага тавьж, анхны цуглааныг хийх үед "Хонх" хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсан, мөн дуучин Н.Энхбаяр нар "Хонхны дуу"-гаа дуулж, Монголд Ардчилсан хөдөлгөөн өрнөснийг зарласан байна. Хэдийгээр "Хонх" хамтлаг гурван гишүүний бүрэлдэхүүнтэй байсан ч улс төрийн цуглаан зэрэгт дуулахдаа хамтлагийн гитарчин Д.Энхболд хорь гаруйхан настай учраас ил гардаггүй байсан гэдэг.
“Хонх” хамтлагийн гишүүн асан Н.Энхбаяр нэгэн ярилцлагадаа: “Анх хамтлагаа байгуулахад Цогоо 29-тэй, би 30-тай байсан. Цогоо надаас нэг дүү. Эрхүүд оюутан байхад урлагийн үзлэгээс эхлээд олон арга хэмжээ болдог байлаа. Тэнд сурч байсан манай оюутнууд нийлээд л үйлдвэрүүдээр явж, Монголоо сурталчилна. Тэр үеэс л Цогоо бид хоёр хамт явж, гитар тоглож дуулж эхэлсэн юм. Тэгж явсаар нэгнийхээ барилыг авчихсан хэрэг л дээ. 1983 онд төгсч энд ирээд хоёулаа Монголын радиод ажилд орсон. Социализмын үе байсан учраас үдэшлэг, бүжгэнд байнга орж дуулна. Тэгж яваад манай Цогоо цаг үеэ мэдрээд тухайн үедээ эсэргүү гэгдэх үгтэй дуу зохиож, түүнийгээ нийтэд хүргэхээр хамтлаг байгуулсан. Цаг давчуу, яарч хийсэн учраас хөгжмөө “Соёл эрдэнэ” хамтлагийнхантай хамт бичээд, дуулъя гэсэн санаа гаргасан. Гэхдээ яаж тайзан дээр хоёулхнаа зогсч байх вэ, тэгээд ч гитарын гоцлолуудыг бичих хүн хэрэгтэй болоод хоёр хүүхэд гэртээ дуудаж шалгаад Энхболдыгоо хамтлагтаа авсан юм. Тэгж л “Хонх” хамтлагийг байгуулж, гурвуулаа тоглож эхэлсэн. Анхны концерт 12 дуутай байсан. Ерөнхийдөө богинохон. Гэхдээ тэр үеийн концерт бараг л уулзалт ярилцлага болчихдог байв. Нэг дуу дуулчихаад л үзэгчдийн асуултад хариулна. Улс төрийн шинжтэй асуултуудад нь Цогоо, уран бүтээлийн тухай асуултад бид хоёр хариулна. Манай хамтлаг, ардчилсан хөдөлгөөн хоёр нэг цаг үед гарсан юм. Манай хамтлаг 1989 оны есдүгээр сарын 17-нд анхны концертоо хийчихсэн нь МоАХ зарлагдахаас өмнө л дөө. Харин Ардчилсан холбоо арванхоёрдугаар сарын 10-нд байгуулагдсан. Ардчиллын хөдөлгөөнд манай Цогоо маш идэвхтэй оролцож, Э.Бат-Үүл, С.Амарсанаа өөр хэн хэн ч билээ анхны “Шинэ үе” бүлгэмийг байгуулсан түүх бий.
Цогоо дуугаа зохиосон нь, Э.Бат-Үүл, С.Амарсанаа нар “Шинэ үе” бүлгэм байгуулсан хоёр нь яг нэг цэгт огтлолцоод л нэгдчихсэн. Хувьсгалын тохироо бүрдэнэ гэж ярьдаг даа. Тийм л зүйл болсон. Ардчиллыг тогтооход “Хонхны дуу” хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ түүхэн үнэнийг бид хэзээ ч мартаж болохгүй, мартах ч ёсгүй...” хэмээн өгүүлж байсан билээ.
Үнэхээр ч түүхэн үнэнийг бид хэзээ ч МАРТАХ ЁСГҮЙ...
УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав
Төрийн өмчийн ЕБС-ийн 1-р ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-ны өдрөөс эхэлнэ
ЦЕГ: "Шатахуун худалдаалж байна" гэх нэрийдлээр иргэдийг залилсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2020 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шуурхай штабын зүгээс шатахууны нийлүүлэлтийг эрчимжүүлэх үүрэг өглөө
Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ
ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна