Л.Болд Хойд Солонгостой холбогдсон гэх асуудлыг шалгаж байна


Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын хийсэн мэдэгдлүүд дотроос олны анхаарлыг татсан нэг зүйл нь УИХ-ын гишүүн Л.Болдтой холбоотой асуудал байсан. Тэрбээр “УИХ-ын гишүүн Л.Болд нь Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа БНАСАУ-тай зэвсгийн наймаа хийсэн. Энэ хэргээс болж, хоёр хүн цаазлуулсан. Хойд Солонгосоос 300 мянган ам.доллар нэхэмжилсэн бичгийг Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн” гэсэн тайлбар хийж байсан юм. 
 
Харин УИХ-ын гишүүн Л.Болд энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад хандаж, нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ мэдэгдсэн билээ. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Б.Хурц гишүүдийн нэр хүндэд халдаж байна. Хойд Солонгост зэвсэг худалдсан гэх энэ дуулиан нь нэг хүний биш улсын асуудал болж хувирлаа” хэмээсэн юм.
 
Тэгвэл дээрх маргаантай асуудлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог “УИХ-ын гишүүн Л.Болд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгостой 300 мянган ам.долларын хэрэгт холбогдсон талаар албан бичиг АТГ-т ирсэн. Одоогоор хяналт, шалгалтын ажил үргэлжилж байна” гэлээ.