Ж.Мөнхбат У.Хүрэлсүхтэй маргасандаа уучлал гуйв


МАН-ынхан өчигдрийн хурлаараа даргаа сонгосон билээ. Тус намыг тэргүүлэх сонирхолтой нэр дэвшигчдийн дотор У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа, Н.Дэмбэрэл, Г.Майцэцэг нар байсны дээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг заалнаас нэр дэвшүүлсэн. Гэхдээ Г.Майцэцэгийг намын даргад нэр дэвшүүлэх боломжгүй гэсний дээр Ж.Мөнхбат, Н.Дэмбэрэл нар нэрээ татсан тул У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа хоёр тунаж үлдэн санал хураалт явуулснаар У.Хүрэлсүх тус намын даргаар сонгогдсон юм. Харин уг хурлын үеэр Ж.Мөнхбат “Зугтсан нь биш зүтгэсэн нь хойморьт сууна гэж зарчим хэлж байсан харамсалтай нь энэ зарчим бүрэн хэрэгжиж чадаагүй. Энэ зарчим хэрэгжиж чадаагүйд уучлал хүсье. МАН-ыг үнэмлэхүй ялалтанд хүргэсэн М.Энхболд танд талархал илэрхийлье. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй УИХ-ын чуулганы танхимд хэл ам хийж намынхаа нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн бол намын нөхдөөсөө болон мянга мянган дэмжигчдээсээ уучлал хүсэж байна” гэжээ.