У.Хүрэлсүх үү, Д.Хаянхярваа юу


МАН-ын Их хурал ирэх даваа гаригт болж, даргаа сонгоно. Тус намын даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, тус намын ЕНБД-ын зөвлөх Н.Дэмбэрэл нар өрсөлдөхөө мэдэгдээд буй. Үүн дээр МАН-ын “Шинэчлэлийн хороо”-ноос нэр дэвшигч нэмэгдэж магадгүй гэсэн хүлээлт байгаа юм. Гэхдээ ерөнхий таамгаар МАН-ын “Шинэчлэлийн хороо” энэ удаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дэмжиж орох өндөр магадлалтай.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд намын дарга болох хамгийн өндөр амбицтай хүн. Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболдыг нэр дэвшихээр болох үед дараачийн даргаар нэрлэгдэж байв. Тэрээр олон нийтийн дунд явуулсан судалгаагаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой хүнээр нэрлэгдсэн ч өөрөө татгалзсан байдаг. Улмаар сонгуулийн дундуурхи тагнаж, чагнасан асуудлаас үүдэж, Шадар сайдын албан тушаалаа өгч, намын даргад өрсөлдөнө гэдгээ илэрхийлсэн билээ.

Тэр Ерөнхий сайд болсон. Одоо намын дарга болж байж хүчээ илүү зузаатгах зайлшгүй шаардлагатай тулгараад байна. УИХ-ын 33 гишүүн Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан ч шууд байдлаар түүнийг дэмжиж, мөнхөд алгаа ташаад явахгүй нь тодорхой. Үүнийгээ ч тэд хэлж байгаа. Тэгээд ч бөөн дуулиан шуугиан үүсгэж, намынхаа нөхдийг гүн хагалах байдлаар Ерөнхий сайдын суудалд суучихсан учир унахдаа “том үсрэх” эрсдэл бий. Тиймээс ч намын дарга болох нь У.Хүрэлсүхэд хамгаас чухал байгаа аж.

Эрх мэдэл байж гэмээнэ гишүүдээ илүү олноор хурааж, өөртөө дагуулж чадна. Ийм байдлаар гал манахгүй бол энэ Засгийн газар асар сайн ажиллана гэх итгэл үнэмшил эхнээсээ замхарчихлаа. Муу ажиллаж, алдаж эндэхийг нь сөрөг хүчин биш 32-ын бүлэг нь анаад, отоод сууж буй. Засаг огцруулах асуудал яриа эхнээсээ сөхөгдөж, гардан зохион байгуулагчаар Ж.Мөнхбатыг тавьсан гэх яриа саарал ордноор яригдаж л байна.

Д.Хаянхярваа гишүүний хувьд 32-ын бүлгээс нэр дэвших хүнээр нэрлэгдсэн. Уг нь С.Бямбацогтын нэр яригдаж байсан ч өөрөө татгалзжээ. Дэмжлэгээ бодсон ч тэр, хуучны хуучин гэдэг утгаараа Д.Хаянхярваа Их хурлын төлөөлөгчдөөс илүү олон санал авна гэж тооцсон бололтой. Тэрээр намын дарга болвол засаг төрийн ажлыг намын асуудалтай хольж хутгахгүй, эмхлэж, цэгцэлнэ гэсэн байр суурь илэрхийлээд байгаа юм.

Харьцангуй ноён нуруутай. Илтэд нэг талыг бариад байхгүй. Намаа эвтэйхэн аваад явж мэднэ гэх итгэлээр Их хурлын гишүүд Д.Хаянхярваад саналаа өгөх магадлалтай билээ. Аль аль талаасаа Их хурлын төлөөлөгчдийн саналыг хайрцаглах асуудалд идэвхийлэн ажиллаж,  хувийн пиараа ч эрчимжүүлээд байна. Гол нь засгийн эрх барьж буй чухал цаг үед МАН-ын даргаар хэн сонгогдох нь эргээд улс орны ирээдүйд чухал нөлөөтэй билээ.

Гурав дах хүн нь МАН-ын ЕНБД-ын зөвлөх Н.Дэмбэрэл. Тэрээр өөрийн нүүр хуудсаараа дамжуулж МАН-ын даргад өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн ч хэвлэлээр төдийлөн харагдахгүй байна. Шууд байдлаар пиартаа анхаараад байгаа ч юм алга. Залуу боловсон хүчин гэдэг утгаараа нэрээ дэвшүүлэх замаар тодрох, намынхандаа хоногших ойрын зайны зорилттой гэж дүгнэж болохуйц.

Тэгэхээр гол өрсөлдөөн У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа нарын дунд явагдана гэсэн үг. Нэг нь засгаа толгойлж, нөгөө нь бүлгээ ахалж, М.Энхболдын нөмөр нөөлөгт байна. Өрсөлдөөн хэрхэн явагдахыг ирэх даваа гарагт харах нь ээ.