Өвлийн дугуйны үнэ 15-20 мянган төгрөгөөр өсчээ

Admin
Өчигдөр 10 цаг 08 минут

Шаргал навчис хөглөрч байсан намрын өдрүүд нэг л өглөө зүсээ хувиргаж, өвөл ирснийг илтгэж хотыг цас хучаад авлаа. Өнгөрсөн даваа гарагт орсон цасны улмаас халтиргаа үүсч хотын зам, талбай мөсөн гулгуур болов. Халтиргаа гулгааны улмаас унаж, бэртэх иргэд, “хундага тулгах” автомашин олширлоо. Манай жолооч нар замын халтиргаа, гулгаа ихсэхээс өмнө л дугуйгаа солих юмсан гэсээр байтал нэг л мэдэхэд цастай золгож, яаравчлан өвлийн дугуйны эрэлд гардаг нь бараг ёс болсон гэхэд хилсдэхгүй. Долоо хоногийн эхэнд дагтаршсан цас жолооч нарыг хэрхэн түргэн авахуулж буйг сонирхохоор “Да хүрээ” захыг зорилоо. Зах руу чиглэсэн замын хөдөлгөөний ачаалал нэлээд нэмэгджээ. Зам дагуу дугуй нь хий эргэх автомашинууд харагдах бөгөөд халтиргааны улмаас нэгнээ “тоншоод” авсан нь цөөнгүй таарав. Тус захад Япон, Хятад улсаас оруулж ирсэн шинэ болон хуучин дугуйны үнэ брэндээсээ хамаарч харилцан адилгүй үнэтэй байлаа. Тухайлбал, Японоос оруулж ирсэн өвлийн хуучин дугуй эдэлгээнээсээ хамаарч, нэг бүр нь 25-100 мянган төгрөгийн үнэтэй байв. Харин өвлийн шинэ дугуй өргөн сонголттой байх бөгөөд брэндээсээ шалтгаалан төрөл бүрийн үнэтэй. Тодруулбал, БНСУ-д үйлдвэрлэсэн “Hankook” брэндийн шинэ дугуйны нэг бүрийн үнэ 160-185 мянган төгрөгийн ханштай бол япон болон хятад дугуйных 120-150 мянган төгрөгт хэлбэлзэж байв. 14-тэй өвлийн шинэ дугуй 170-180 мянган төгрөг байсан бол Японд явж байсан нь 70-80 мянган төгрөгийн ханштай байлаа. Харин жийпний дугуй 200 мянган төгрөгөөс эхлэх бөгөөд хэрэв обудтай нь авбал үнэ нь нэмэгдэж байв. Хамгийн дээд талдаа обудтай том дугуйг 450 мянган төгрөгөөр борлуулж байсан бол 13-тай дугуй хамгийн эрэлттэй байсан. Үнийн хувьд 60-100 мянган төгрөгийн ханштай байлаа. Ихэнх жолооч өвлийн ямар дугуй нь сайн гэдгийг мэдэхгүй тул худалдагчаас нь асууж аль сайн гэснийг нь авч байлаа.

Харин туршлагатай жолооч нар өвлийн дугуй нь бүх улирлынхаас илүү зөөлөн резинтэй, замтай ӨСЧЭЭбарьцах чадвар сайтай байх ёстой тул дугуйгаа сонгохдоо хээг нь сайтар харж, арзгар хээтэй дугуйг сонгодог гэж байлаа. Жолооч Л.Батхүрэл “Долоо хоногийн өмнө л дугуйгаа сольё гэж бодож байсан ч амжаагүй явсаар цастай золголоо. Сарын өмнө дугуй авах гээд ирсэн ч мөнгө дутсан учир авч чадаагүй. Гэтэл дугуйны үнэ 15-20 мянган төгрөгөөр нэмэгдчихсэн байна. Би Японд явж байсан 14-тэй нэг дугуйг 70 мянгаар авлаа. Нийтдээ дөрвөн дугуй гээд бодохоор 280 мянган төгрөгөөр дугуйгаа сольж байна. Одоо эндээс гараад дугуй засвар дээр нэг дугуйг дор хаяж 2000-3000 төгрөгөөр солиулна. Уг нь сарын өмнө авсан бол нэг дугуй нь 55-60 мянган төгрөгт багтана гэж байсан юм. Эрэлт их болохоор үнэ нэмдэг нь наймаачдын зан юм даа” гэсэн бол худалдагч Н.Зоригоо “Цас орсноос хойш дугуй худалдаж авч буй хүн олширсон. Жирийн үед өдөрт 40 орчим дугуй борлуулдаг байсан бол одоо өдөрт 200 гаруй дугуй зарж байна.

Дугуй авах гэсэн хүн тасрахгүй байна. Манай дугуй бараг дууссан. Одоо шинэ чингэлгээ буулгана. Дугуйны үнийн хувьд ойролцоогоор 15 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Эрэлт нь нэмэгддэг үе учир бөөнөөр нь зардаг ченжүүд үнээ нэмчихдэг юм” гэв. Автомашины үнийн хувьд сүүлийн хоёр сард 0.5-1 сая төгрөгөөр өссөнийг тус захын ченжүүд дуулгав. “Prius-20” загварын машин 12-13 сая төгрөгийн үнэтэй байлаа. Уг машин жилийн өмнө найман сая төгрөгийн үнэтэй байсан юм. Гадаад валютын ханш чангарснаас шалтгаалж, суудлын жижиг тэрэгний үнэ өнгөрсөн оны мөн үеэс 1-2 сая төгрөгөөр өссөн бол татварыг нь нэмснээр улам өсчээ. Автомашины ченж С.Ганхүч “Автомашины импортын онцгой албан татварыг нэмснээр үнэ нь хоёр сая хүртэл төгрөгөөр өссөн. Нэг талаас татварын хувь хэмжээг өсгөсөн, нөгөөтэйгүүр иргэдийн эрэлт нэмэгдсэнтэй холбоотой гэж бодож байна” гэж тайлбарлаж байлаа. Тус захад “Prius-10” долоо, “Prius-11” найм, “Prius-30” 18, “Prius-41” загварын автомашин ойролцоогоор 20 сая төгрөгийн үнэтэй байв. Түүнчлэн “Premio”, “Allion” загварын машин үйлдвэрлэсэн он, импортолсон хугацаа зэргээсээ хамаарч 9-20 сая төгрөгөөр зарагдаж байлаа. Мөн “Land cruiser-100” 20-30, “Land cruiser-200” 80-100, “Lexus-470” загварын машин 40-45 сая төгрөгийн үнэтэй байна.