С.Амарсайхан дураараа аашилжээ


Өнгөрөгч даваа гаригт НИТХ-ын дарга С.Амарсайханыг НИТХ-ын төлөөлөгчдийн 12-р хуралдааныг удирдан зохион байгуулахдаа хууль зөрчсөн гэж шүүх үзжээ. Тодруулбал, НИТХ-ын хурлыг хийхдээ тэргүүлэгч есөн гишүүний таваас дээш төлөөлөгч нь ирж байж хурлын ирц бүрдсэн гэж үздэг бол С.Амарсайхан дөрвөн тэргүүлэгчтэйгээр хуралдааныг явуулсан аж. Тиймээс НИТХ-ын тэргүүлэгч Ж.Батсайхан Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд уг асуудлаар гомдол гаргасныг шүүх хэлэлцжээ. 

Уг хуралдааныг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн байна. Шүүхээс уг хуралдааныг хүчингүйд тооцсон тул НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааны товыг дахин зарлах шаардлага үүсээд байгаа аж.

Ц.Сандуй НИТХ-ын даргын суудлаас буусны дараа С.Амарсайхан уг албан тушаалд очсон ч түүний удирдсан хуралдаанууд ирц хүрэхгүй шалтгаанаар удаа дараа хойшилсоор байгаа юм.