Сураггүй болсон охины аав, ээжээс байцаалт авч байна


-ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ЭРЭЭНИЙ КОНСУЛТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА-

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч, найман настай охин сураггүй алга болоод зургаа хонож байна. Охиныг Д.Сэржмядаг гэдэг бөгөөд 130-150 см өндөртэй. 2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр 13:30 цагийн үед сургууль дээрээ харагдсанаас хойш сураггүй алга болсон, багш нь хичээлээсээ хоцорсон хэмээн оруулаагүй гэх мэт янз бүрийн мэдээлэл цацагдсан ч аль нь ч нотлогдоогүй байна. Учир нь Зам-Үүд суманд арваадхан камер байдгаас ердөө хоёр нь ажилладаг гэдгийг орон нутгийн эх сурвалж мэдээлсэн юм.

Тухайн өдөр Д.Сэржмядаг охин 12-р ангид сурдаг төрсөн эгчийн хамт гэртээ хоёулхнаа байжээ. Аав, ээж хоёр нь бага хүүхдээ цэцэрлэгт нь хүргэчихээд аймгийхаа төв рүү явсан байж. Тухайн өдрийн өглөө 12-р ангийн эгч нь хичээлдээ яваагүй бөгөөд эмнэлэг орохоор гарчээ. Харин Д.Сэржмядаг охин гэртээ унтаад үлдсэн байна. Ингээд эгч нь эмнэлэг орчихоод ирэхэд дүү нь хичээлдээ гарч явсан бололтой гэрээ цоожлоод явсан байжээ. Ингээд л түүнээс хойш сураггүй болсон байна.

Д.Сэржмядагийн аав, ээж болон эгч нь цагдаагийн байгууллагад мэдүүлэхдээ “Миний охин бие даасан, өөрөө хамаг юмаа хийгээд, үс зүсээ янзлаад хичээлдээ явчихдаг байсан. Хажуу хашааны нэг охинтой найз болохоор хамтдаа хичээлдээ явчихдаг байсан” гэж мэдүүлсэн байна. Бид охины аав, ээжтэй холбогдох гэсэн боловч утас нь салгаастай байлаа. Эх сурвалжийн мэдээлснээр, тэд ч гэсэн охиноо хайж уул хадаар явж буй юм байна. Мөн албаны эх сурвалжаас авсан мэдээллээр охины эцэг эх тухайн өдөр яг Дорноговь явсан эсэхийг шалгаж буй аж. Охины эцэг, эх охиноо хүчирхийлэлд өртөж, хүний наймааны бүлэглэлийн гарт орсон гэж бодож байгаагаа хэлсэн байна.

Эрлийн ажиллагаанд сумын иргэд, цагдаагийн байгууллагын алба хаагчид, сургуулийн хамт олон гэх мэт 500-гаад хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа талаар бид өчигдөр мэдээлсэн. Улмаар сум болон сумын төвөөс 15 км-ын радиуст самналт хийж үзсэн ч олдоогүй байна.

Хил гаргасан байж магад гэх үндэслэлээр мөн л шалгалтын ажиллагаанууд хийхэд ямар нэг сэжүүр, баримт олдохгүй эрэл мухардаад байгаа гэж эх сурвалж мэдээлэв. Нутгийн иргэдийн ярьж байгаагаар, нэг ноцтой мэдээлэл байгаа нь охиныг алга болдог өдөр буюу 11-р сарын 2, 3-нд олон тооны хятад иргэд Эрээн хотыг зорьсон гэдэг мэдээлэл.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Н.Ганбадралаас тодруулахад “Эрлийн ажиллагаа эхэлсэн эхний өдөр 250 орчим хүний бүрэлдэхүүн оролцсон. Дараагийн өдрөөс хайлтын баг 500 хүний бүрэлдэхүүнтэй болгон нэмж хайж байна. Хил гарч явсан байх магадлалтай гэсэн үндэслэлээр бүхий л боломжит арга хэмжээг авч ажиллаж байна. Замын-Үүдийн цагдаагийн хэлтсээс Эрээн хотын консултай хамтран ажиллаж байгаа. Энэ өдрүүдэд хил гарсан хүмүүсийн мэдээллийг авч, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэв.

Охиныг эрэн хайх ажиллагаа орон даяар явагдаж байна. Цагдаагийн газраас 21 аймаг, нийслэл, дүүргийн Цагдаагийн байгууллагад албан ёсоор мэдээлээд байна. Охины талаар үнэн бодит мэдээллийг цагдаагийн байгууллагын 70527102 дугаарын утсанд хүлээн авч байна.