Жүжигчин Ганбаа, Отгоо, Сөрөлт нар хамтлагаасаа яагаад гарсан талаараа ам нээв


Хошин урлагийн продакшнууд нэг үеэ бодвол харьцангуй олон болж жүжигчид ч мөн хамтлагаас хамтлагт шилжин уран бүтээл хийх болсон. Нэг хэсэг хэл амаар тасраагүй "Шинэ үе" продакшнаас гарч "Мөрөөдлийн театр"-т өнгө нэмэх болсон залуус бол жүжигчин Сөрөлт, Ганбаа, Отгоо нар. Хошин урлагийн ертөнцөд мөр зэрэгцэн орж ирж олны танил болсон эдгээр чадварлаг жүжигчид яах аргагүй "Шинэ үе" продакшны бүтээгдэхүүнүүд. Тэд чухам яагаад хамтлагаасаа гарч "Мөрөөдлийн театр"-ийг зорих болсон нь одоог хүртэл олны анхаарлыг татсаар буй.

Тэд саяхан нэгэн нэвтрүүлгийн үеэр энэ тухай ам нээсэн бөгөөд "Энэ асуулт бид гурвын хувьд тийм хүнд асуулт биш ээ. Зүгээр л бид нэгдүгээрт Шинэ үе продакшндаа, гавьяат жүжигчин Бооёо ахдаа үргэлж баярлаж явдаг. Бооёо ах маань анх Амбий, Бооёо, Хүрэлээ, Аси гээд л маш олон жүжигчидтэй хамт продакшнаа байгуулж байсан. Амбий ах гарахад Бооёо ах байж л байсан, Хүрэлээ ах гарахад байж л байсан, Аси ах гарахад ч байж л байсан, бид гурвыг гарахад ч одоог хүртэл хүчтэй уран бүтээлүүдээ хийсээр л байна. Тэгэхээр бид гуравыг Шинэ үе продакшнаас гарлаа гээд Бооёо ах яана аа энэ гурав гараад явчихлаа, одоо би яана аа гэж хямрах хүн бол биш. Сэтгэлийн хаттай, тэвчээртэй, айлын аав, ноён нуруу ямар байх ёстой байдаг вэ? Бооёо яг л тийм л хүн. Нэр нь Шинэ үе юм чинь тэнд дахиад шинэ үе, шинэ залуучууд уран бүтээлээ хийгээд боловсорч байгаа. Бид нар нэг хэсэг, нэг цагийнх нь шинэ үе байсан" хэмээсэн байна.