Х.Баттулгын хоригт Ч.Хүрэлбаатар “Чааваас даа” гэв


Ерөнхийлөгч Х.Баттулга Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилсон УИХ-ын тогтоолд өөрт оногдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хэсэгчлэн хориг тавих саналаа УИХ-ын даргад хүргүүлээд байгаа билээ.

Ерөнхийлөгчийн зүгээс, “Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар томилогдсон даруйдаа төрийн албан хаагчдад гурван зуун мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгох байдлаар тавин таван тэрбум төгрөг тараах санал гаргаж байна.Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед төсвийн хөрөнгийг үр ашиггүй тарааж улсынхаа эдийн засгийг улам бүр хүндрүүлдэг, хохироодог Сангийн сайдтай байж болохгүй. Өнөөдөр төрийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж хүсээгүй, сар бүр авдаг цалин орлогоо нэмэгдүүлэхийг хүсэж байгаа юм. Өнгөрсөн жилүүдэд гучин гэр бүлийн хяналт дарангуйлалд байсан Монгол төрийн иргэдийнхээ элбэг хангалуун амьдрах хүсэл тэмүүллийг нэг удаагийн хавтгайруулж аргацаасан энэ мэт халамжийн бодлогоор удаа дараа дарж, өр зээлд ээрэгдсэн өнөөгийн түвшинд нь барьж ирсэн бодлогыг бүрэн халах цаг болсон гэж үзэж байна.

Ерөнхийлөгч миний бие цаашид улсын төсөв, эдийн засгийг хямраан туйлдуулах зорилготой энэ мэт бодлогыг гүйцэлдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт хориг тавих болно.Иймд Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилсон Улсын Их Хурлын тогтоолын зохих хэсэгт тавьсан энэхүү хоригийг хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” хэмээн албан бичигтээ онцолсон байдаг.

Тэгвэл Ерөнхийлөгчийн энэхүү хориг тавигдсан мэдээлэл гарсаны дараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нь өөрийн цахим хуудастаа,  "Гурван талт хэлэлцээрийн үр дүнд төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг өглөө гээд хориг тавьсан юм байх аа. Өмнөх Засгийн газар өргөн бариад өнөөдөр УИХ баталсан 2017 оны төсвийн тодотголд туссан асуудлаар надад хориг тавьсан аж. УИХ олонхоороо шийдсэн төсвийн асуудалд нэг хүнийг буруутгах ч гэж дээ. Чааваас даа..." хэмээн бичжээ.

Мөн тэрбээр, News.mn сайтад өгсөн тодруулгадаа, "Намайг Сангийн сайдаар томилогдох үеэс яригдаж эхэлсэн сэдэв юм. Энэ бол шинэ зүйл биш. Би хувьдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын хийж буй цэвэр улстөржилт гэж харж байна.

З.Энхболд 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө Увс аймагт очоод шившигтэйгээр хөөгдөж ирсэн. Тэрэндээ өс зангидаад байгаа юм болов уу" хэмээн ярьжээ