Отгонтэнгэр хайрханд авиралт хийж, буухдаа харамсалтайгаар амиа алдсан 17 уулчны талаархи мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд байсаар байна. Тэднийг зөвшөөрөлгүйгээр дур мэдэн авиралт хийсэн хэмээн буруутгах хүмүүс бий юм.
Нөгөө талаас “Уул, аяллын спортыг сонирхож байгаа залуус өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Сайн дураараа, хүсэл сонирхлоороо нэгдсэн тэдгээр хүмүүс харин ч энэ төрлийг эрүүл мэнд, аялал жуулчлал, хувь хүний хөгжил талаас нь эерэгээр ойлгуулж, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа. Ганцхан бодлогын түвшний зохицуулалт үгүйлэгдэж байна” гэцгээх хүн ч олон байгаа билээ.
Үнэхээр тийм. Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаяр Гималайн оргилд хөл тавьсан 2007 оноос хойш уулын спортын клубууд олноороо байгуулагдаж, МУГТ, уулын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Гангаамааг 2011 онд Эверестэд гарснаас хойш эмэгтэйчүүд ч олноороо ууланд авирахыг эрмэлзэх болсон. Гэвч үүнийгээ дагаад уулын спортоо хөгжүүлэх, уулын спортод тавигдах шаардлага, цензур гээч зүйл хөгжсөнгүй.
-ГАДНЫХАН УУЛЫН СПОРТЫН ТОГТООСОН СТАНДАРТАА ХАТУУ ЧАНД МӨРДДӨГ-
Гадны уулын спорт өндөр хөгжсөн улс орнууд өөрийн тогтоосон стандарттай, түүнийгээ хатуу чанд мөрддөг байна. Тухайлбал, гадны мэргэжлийн уулчид гэнэт л нэг өдөр ууланд авирцгаая гэж ярьж тохироод амралтын өдөр харж байгаад явчихдаггүй юм байна. Учир нь уулын спорт хөгжсөн оронд ямар улиралд авиралт хийвэл эрсдэл их, ямар улиралд эрсдэл бага байдгийг тогтоож, албан ёсоор авиралт хийх улиралтай болсон байдаг аж.
Уулчид нь ч уг шийдвэрийг дагаж, тухайн заасан улиралд нь ууланд авирна. Бусад үед хориотой байх жишээтэй. Түүнчлэн манайхан шиг богд ууланд алхахдаа өмсөж явсан хувцас, хэрэглэлтэйгээ хаашаа ч хамаагүй ууланд авирахаар явчихдаггүй аж.
Ууланд авирах гэдэг тоглоом биш гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон хүмүүс авиралт хийх гутлаа сонгохдоо ч маш няхуур ханддаг байна. Өөрөөр хэлбэл, гутал сонгохдоо цастай үед, мөстэй үед, оргилд гарахад, 3000 метр, 5000 метр, 8000 метрын өндөрт гарахдаа өмсөнө гэж хэд хэдэн төрлөөр нь төрөлжүүлж авдаг байх юм. Энэ бүхэн ердөө л аюулгүй байдаль, амь насныхаа төлөө хариуцлагатай хандаж байгаа хэрэг. Мөн хувцас хэрэглэл, таяг, олс дэгээ гэх мэт авиралтын бусад хэрэглэл сонгохдоо ч шинжлэх ухааны үүднээс бодож тооцоолдог байна.
-ДЭЛХИЙН ЖИШИГТ МАНАЙХ ШИГ ХОРЬЖ, ЦАГДАЖ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛДАГГҮЙ-
Гэтэл манай улсад дагаж мөрдөн стандарт гээч зүйл байдаг эсэх эргэлзээтэй. 17 хүн амь үрэгдсэн харамсалтай ослын үеэр тэднийг салбарын сайдын тушаалыг зөрчиж, дур мэдэн авиралт хийсэн гэж буруутгав. Тодруулбал, Шадар сайдын өрөөнд онцгой байдлын албаныхан хуралдах үеэр Отгонтэнгэр хайрхан руу авирахыг 2015 онд Д.Оюунхорол сайд тушаал гаргаж хориглосон гэх зүйл яригдсан. Яг ямар зүйл заалттай, тушаал шийдвэр гарсныг олж унших гэсэн боловч олдсонгүй.
БОНХАЖ-ын сайдын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А-225 дугаар тушаалаар Отгонтэнгэр хайрханд аялах журам, аяллын зам чиглэлийг боловсруулсан гэх ганц өгүүлбэрээс өөр зүйл олдсонгүй. Энэхүү журамд юу гэж заасан, уулчдад ямар шаардлага тавьж, стандарт мөрдөхийг сануулсаныг мэдэж чадсангүй.
Дэлхийн жишигт уулын спортын эрсдэлээс хамгаалахдаа манайх шиг хорьж, хязгаарладаг биш, харин аюулгүй байдал, тав тухтай орчин, аюулгүй авиралт хийх бүхий л нөхцөл бололцоогоор хангаж өгснөөр эрсдэл үүсэхээс сэргийлдэг юм байна. Наад захын жишээ дурдахад, гадаадад мэргэжлийн уулчид байтугай сонирхогчдыг ууланд гарахад нь зориулж замдаа амарч суух газар, 00, замдаа амрах кемп байгуулж өгдөг аж.
Жаахан хэтрүүлэгтэй хэлэхэд, тэднийг наанаас нь GPS-ээр хянах шахам сууж байдаг гэх. Яагаад гэвэл хариуцлага тэгж өндөр хөгжиж, нэг ч гэсэн хүний амийг маш чухалд тооцдог гэсэн үг. Тэр ч бүү хэл уулын спортын тамирчиддаа зориулж, хэдэн мянган метрийн өндөрт амарч, алжаалаа тайлах байшин, салхи, шуургатай үед орогнох, хоргодох байр хийж өгдөг ажээ.
Жишээ дурдахад, Европ тивд орших хамгийн том уулсын систем болох Альпийн нурууны Итали улсын нутагт орших тус нурууны хамгийн өндөр уул Mont Blanc дээр захиалгаар төрөл бүрийн түр сууц, орогнох байр бүтээгч LEAPfactory багийнхан Италийн CAI Torino клубын захиалгаар Gervasutti Refuge гэж нэрлэсэн маш өвөрмөц, хоолой хэлбэрийн угсардаг орогнох байрыг нисдэг тэргээр аваачин суурилуулсан байна. Түүнчлэн Альпийн орой дээр ууланд авирагчдад зориулан тусгай “амрах газар” байгуулж өгснөөр хүмүүс ууланд удаан авирсаны дараа амсхийж болохоор болжээ.
-ГЭТЭЛ БИД...-
Гэтэл бид яав? Ямар ч дүрэм журам, стандарт, дагаж мөрддөггүйгээсээ болоод бүхэл бүтэн 17 хүнээ харамсалтайгаар алдчихаад сууж байна. Энэ байдлаараа байсаар байвал дахин ингэж олноороо үрэгдэхгүй гэсэн баталгаа алга. Тиймээс одооноос бүгдийг цэгцэлж, дүрэм журамд оруулах цаг болжээ.
Энэ талаар уулчид ч ухаарч, эхнээсээ санал бодлоо илэрхийлж эхэлсэн байх юм. Мэргэжлийн бус сонирхогч, ууланд авирагч н.Батжаргал гэх хүн фэйсбүүк хуудастаа бичихдээ “Төр үүнд оролцох ёстой. Төр арга хэмжээ авахгүй бол олон түмэн дуу хоолойгоо хүргэ. Гэхдээ хааж боож болохгүй. Боломжийг нь нээлттэй байлга.Энэ олон уулын клубүүдэд шалгуур тавь.
Хаа хамаагүй хэн дуртай нь ууланд авирдгийг болиул. Мэргэжлийн бус уулчин, сонирхогчдод зориулсан бааз байгуул. Тэндээ уулчдад, авирагчдад зориулсан сургалт зохион байгуулж, сэтгэл зүйн зөвлөгөө өгч, эрүүл мэндийн үзлэгт оруулж, тохирох хувцас хэрэглэлийг нь сонгож өгч, мэргэжлийн уулчидтай хамт хүн хүнийх нь тохирсон өндөрт гаргаж үйлчилж болно. Одоо л эхлэх хэрэгтэй” хэмээсэн байв.
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар санал солилцов
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
Ховд, Баян-Өлгий аймгийн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна
“Баянхошуу дэд төв”-ийн 150 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 92 хувьтай үргэлжилж байна
“BYD” компани батарейд суурилсан нийтийн тээврийн Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа