“Баянхошуу дэд төв”-ийн 150 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 92 хувьтай үргэлжилж байна

Moderator
1 цаг 15 минутын өмнө

Нийслэлийн гэр хорооллыг байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, ухаалаг инженерийн дэд бүтэц бүхий суурьшлын бүс болгон хөгжүүлэх зорилготой Баянхошуу, Шархад дэд төвийн бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.

Төслийн эхний үе шатны хүрээнд Баянхошуу дэд төвийн 5.5 га талбайд нийт 462 айлын 13 блок орон сууц барихаар төлөвлөсөн.

Эхний ээлжийн 110 айлын дөрвөн блок орон сууцны барилгын ажил бүрэн дуусаж, 2025 оны есдүгээр сард Нийслэлийн орон сууцны корпорацид хүлээлгэн өгсөн.

Тус дэд төвийн дараагийн ээлжийн бүтээн байгуулалт үргэлжилж байна. Тодруулбал, 150 айлын дөрвөн блок орон сууцны барилгын ажил 92.5 хувийн, 76 айлын хоёр блок орон сууцны барилгын ажил 67 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн 126 айлын гурван блок орон сууцны зураг төслийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа юм.

Шархад дэд төвийн хувьд 5.4 га талбайд нийт 338 айлын 10 блок орон сууц болон үйлчилгээний цогцолбор байгуулахаар төлөвлөсөн.Тус дэд төвийн эхний ээлжийн 110 айлын дөрвөн блок орон сууцны барилгын ажил 100 хувь дуусаж 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр барилга байгууламжийг байнгын ашиглалтад өгөх улсын комисст хүлээлгэн өгсөн ба гадна тохижилтын ажил үргэлжилж байна.

Төслийн гол онцлог нь орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна эрчим хүч, ус болон бусад нөөцийн хэрэглээг бууруулах байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг барилгын зураг төсөл, инженерийн дэд бүтцэд тусгаж байгаа юм. Тухайлбал, орон сууцанд саарал ус дахин ашиглах систем нэвтрүүлж, ахуйн хэрэглээнээс гарсан усыг боловсруулан ариун цэврийн байгууламжид дахин ашиглах боломжийг бүрдүүлж байна. Мөн эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж ашиглах, барилгын дулаан тусгаарлалтыг сайжруулах, усны хэрэглээг бууруулах зэрэг шийдлүүдийг хэрэгжүүлж байгаа юм.

Түүнчлэн төслийн хүрээнд барилгуудыг EDGE (Excellence in Design for Greater Efficiencies) ногоон барилгын стандартын шаардлагад нийцүүлэн барьж байгаа юм. Тус стандарт нь барилгын эрчим хүч, ус болон материалын хэрэглээний үр ашгийг үнэлдэг олон улсын ногоон барилгын стандарт юм.

EDGE стандартын шаардлагыг хангахын тулд барилгын дулаан тусгаарлалтыг сайжруулах, эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж ашиглах, усны хэрэглээг бууруулах зэрэг шийдлүүдийг хэрэгжүүлдэг. Үүний үр дүнд барилгын нөөцийн хэрэглээг бууруулахаас гадна оршин суугчдын эрчим хүч, усны хэрэглээтэй холбоотой ашиглалтын зардлыг бууруулах боломж бүрддэг.

Энэхүү төсөл бүрэн хэрэгжиж, төлөвлөсөн 5000 айлын орон сууц ашиглалтад орсноор гэр хорооллын олон мянган өрхийг инженерийн дэд бүтэцтэй орон сууцны орчинд шилжүүлэх боломж бүрдэх юм. Төслийн үр дүнд 8000 орчим яндан, 5000 нүхэн жорлонг халж, нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулах зорилттой. Түүнчлэн гэр хорооллын инженерийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах орчныг сайжруулах ач холбогдолтой.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна