Наранд хайлсан хавтан уулчдыг авч гулссанаас болж осолджээ


"Ааваа та эргээд ир л дээ. Хөгшин эмээ, ээж, хүүхдүүд чинь хүлээж байна" хэмээн нэгэн охин аавынхаа фэйсбүүкт бичжээ. Энэ бол аравдугаар сарын 18-нд ууланд авиралт хийхээр гараад сураггүй алга болсон 17-н уулчны нэгнийх нь охины үлдээсэн пост юм.

Тэд аавыгаа, хүүгээ, охиноо, ахыгаа амьд ирнэ гэсэн итгэлээр хүлээсэн ч 14 уулчны цогцосыг олсон харамсалтай мэдээ байгаа юм. Гэхдээ итгэлийн гал бөхөх болоогүй. Үлдсэн гурван уулчныг амьд олно гэсэн итгэлээр онцгой, цагдаагийн албан хаагчид ослын газар ажиллаж байна. 

Хэрэг явдлыг сануулбал, Өнгөрсөн амралтын өдөр “Оргил өөд”, "Хамтдаа алхацгаая", "Хайрхан", "DCI hiking", "Sky runing" клубээс тус бүр нэг нэг хүн, “Сонирхогчийн клуб”-ээс 6 хүн болон бусад клубээс 6 хүн байжээ. Нийт 27 хүн Завхан аймгийн Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд явсан байдаг. Гэвч буух замд нь цасан нуранги болж, ийнхүү харамсалтайгаар 14 хүн амиа алдаад байгаа юм. Онцгой байдлынхан уулчдын цогцсыг 3200-3400 орчим метрийн өндрөөс насилкаар доош зөөвөрлөн өчигдөр нийслэлд авчирчээ. Одоо цогцоснуудад задлан шинжилгээ хийж, таниулах ажиллагаа явуулж байна.

Ө.Энхтүвшин: Уулчдыг ойролцоогоор 700 метрийн өндрөөс унасан гэж дүгнэж байгаа

Харин Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн өчигдөр нийслэлд ирсэн юм. Ирсэнийхээ дараа Шадар сайд Ө.Энхтүвшин үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв. Тэрбээр “Маш эмэгнэлтэй осол болжээ. Отгонтэнгэр хайрханд очсон хүмүүс маань тав дахь өдрөө хоночихоод маргааш нь авирсан байна. Хайрханыхаа орой дээр үдээс хойш гарсан юм байна. Ойролцоогоор 17.00 цагийн орчимд юм шиг байна. Ингээд буцаад суусан боловч 10 нь бууж ирсэн 17 нь бууж ирээгүй. Нийтдээ 20 эрэгтэй, долоон эмэгтэй байсан байна. Эрэн хайх ажиллагаа явагдаж байгаа. ОБЕГ газар бүтэнд сайд 14.30 цагт анхны мэдээллээ авч шуурхай ажилласан. Эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн өдрөө 10 хүний цогцосыг олсон. Өчигдөр дөрвийг олсон. Одоо цаана нь гурав үлдэж байна. Эрэн хайх ажиллагаа нэлээд хүнд нөхцөлд явагдаж байгаа. 3200 метрийн өндөрт энэ ажиллагаа явагдаж байгаа. Би нисдэг тэргээр хоёр удаа тойрч харсан. Мэргэжлийн хүмүүс хавтангийн гулгалт болсон байна гэж үзсэн. Удаа дараа орсон цас наранд хайлж хавтан үүсгэдэг юм байна. Тэрхүү хавтан нь нэлээд томоороо уулчдыг авч доошоо гулссан байна. Ойролцоогоор 700 орчим метрийн өндрөөс унасан гэж дүгнээд байгаа. Тэгэхээр амь аврагдах ямар нэгэн боломж байгаагүй байна. Осол болсон газар 166 хүн ажиллаж байгаа” гэв.

Амьд үлдсэн 10 хүн цочролын байдалтай байна

Отгонтэнгэр уул далайн түвшнээс дээш 4008 метрт оршдог. Уулчдын цогцосыг 3200-3400 орчим метрийн өндрөөс олсон гэж байгаа. Тэгэхээр уулчид ямар өндрөөс осолдсонг энд бичихэд ч бэрх. Шадар сайдын өгсөн мэдээллээр 27 уулчид гурван хэсэгт хуваагдан явж байжээ. Гэтэл өмнө явж байсан хоёр бүлэг их дуу чимээ гарсны дараа нурангид автаж хавцал руу нуран унажээ. Харин сүүлд байсан хүмүүс маш болгоомжтой мөлхөх шахам явсаар буусан байна.

Тэд анх Отгонтэнгэр уулын Бадар хундага талаасаа авиралт хийсэн. Буухдаа өөр замаар хавцал тал руугаа буужээ. Тиймээс амь эрсэдсэн хоёр бүлэг уулчид хавцал руу унасны улмаас амиа алдсан гэсэн дүгнэлт хийгээд байна.

Харин өдгөө амьд үлдсэн 10 иргэн цочролд орсон байдалтай байгаа аж. Тиймээс сэтгэл зүйчид ажиллаж, тэднийг тайвшруулах ажиллагааг хийж байна. Тэд өчигдөр Завхан аймгаас машинаар Улаанбаатарыг зорин гарсан байгаа.

Үлдсэн гурван уулчдыг өнөөдөр үргэлжлүүлэн хайна

Өчигдөр эрлийн ажиллагааг 06.20 цагт эхлүүлсэн ч орой 17.00 цагийн үед гэгээ тасарч, харанхуй болсон учир эрлийн ажиллагааг зогсоож, аврагчдыг уулын бэл рүү буулгасан байдаг.

Үлдсэн гурван хүнийг амьд байгаасай гэсэн итгэлээр эрлийн багийнхан 200 метр өргөн, 800 метрийн гүнд буюу ойролцоогоор 160,000 мКв талбайд эрэн хайх ажиллагааг явуулж байсан юм. Учир нь цасны зузаан зарим газраа 3-5 метрийн гүнд хүрсэн, уулын цас дагтаршиж хатуурч, хунгарласан нь эрэн хайх ажиллагааг хүндрүүлж буйг Онцгойгийн шуурхай бүлгээс өгсөн юм.

Харин одоо 10.00 цагаас ОБЕГ-аас албан ёсны мэдээлэл хийнэ. Энэ мэдээллийг бид цаг алдалгүй хүргэх болно.