Алга болсон уулчдын дунд 5 эмэгтэй, гэр бүлийн 4 хүн бий гэв


НЭМЭЛТ 11:42 ТУСГАЙ ДУГААРЫН УТАС АЖИЛЛУУЛЖ БАЙНА

Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд буцах замдаа цасан нурангид өртөж сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагаатай холбоотойгоор иргэд ОБЕГ-ын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн 325726, 265726 дугаарын утсанд ихээр холбогдож байгаа тул бусад дуудлага хүлээн авахгүй боломжгүй хэт ачаалал үүсээд байна.

Үүний улмаас эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байгаа Шуурхай бүлгүүдтэй холбогдож, мэдээ, мэдээлэл солилцоход саад учирч байгаа тул үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан холбогдох иргэдэд мэдээ, мэдээлэл өгөх тусгай утсыг ажиллуулж байна. Иймд уг эрлийн ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг тодруулахаар бол 62263009 тусгай дугаарт холбогдоно уу. Энэхүү дугаар руу гар утаснаас шууд холбогдох боломжтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж байна. 

НЭМЭЛТ: 11:25 УУЛЧИН Г.ӨСӨХБАЯР, Т.ГҮРРАГЧАА НАР ЭРЭН ХАЙХ АЖИЛАГААНД НЭГДЖЭЭ

Ууланд сураггүй болсон хүмүүсийг хайхаар гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр, Т.Гүррагчаа нараар ахлуулсан таван уулчин Отгонтэнгэр ууланд авиралт хийж байна. Тэд өчигдөр нисдэг тэргээр Улаанбаатараас онцгой байдлын алба хаагчидтай Отгонтэнгэр уул руу явсан байна. 

10:00

Энэ амралтын өдрөөр буюу бямба гаригт Завхан аймгийн Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд буцах замдаа цасан нурангид өртөж сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байгаа билээ. Уг асуудлаар Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан Улсын онцгой комисс Төрийн ордонд өнөөдөр хуралдаж, аврах ажиллагаа зохион байгуулж буй талаар мэдээлэл солилцож, шаардлагатай арга хэмжээ авахыг үүрэг болголоо.

-УУЛЫН ОРГИЛООС 50 МЕТР ЗАЙД 3 ЦУВАА БОЛЖ ЯВЖ БАЙТАЛ ЦАСАН НУРАНГИ ҮҮСЧЭЭ-

Энэ талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал хэлэхдээ "Ууланд авирсан аяллын баг нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй явсан бөгөөд ууланд 27 хүн авирч, 3 жолооч бэлд үлдсэн байна. Ингээд 27 хүнээс 10 хүн нь бууж ирсэн байна. Авирагчид 10 сарын 21-ний үдийн 16 цаг 30 минут орчимд уулын оргилд гарсан байна. Алга болсон уулчдын дунд таван эмэгтэй, нэг гэр бүлийн дөрвөн хүн байгаа аж. 

Гавьяат уулчин, уулын спортын мастер н.Сүрэнжав энэ багт явж байгаа гэдэг мэдээлэл бид авсан. Авирагчид хооронд 20-30 метр зайтай гурван хэсэг болж явсан бөгөөд цасан нуранги үүссэнээс хойш 10 хүн бууж ирээд, 3 нь буцаж авирч хайх оролдлого хийгээд бүтэлгүйтсэн байсан. 

Сураггүй болсон 17 иргэнийг эрэн хайх ажиллагааг нэн даруй эхлүүлж, ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах бүлэг, эмнэлгийн бүлэг, Нийслэлийн Аврах ангийн эмнэлгийн бүлэг, Гэмтэл согог сэргээн заслын төв эмнэлгээс нарийн мэргэжлийн 2 эмч, 2 сувилагчийн бүрэлдэхүүнтэй баг МИ-171 нисдэг тэргээр Завхан аймгийн Отгон сумын чиглэлд 18:00 цагт ниссэн.

Яг одоо ослын газар дээр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг Завхан аймгийн Отгон суманд ажиллаж байна. Эрэн хайх ажиллагааг 70 албан хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр Байгаль орчны улсын байцаагчийн хяналт дор хийж байна.

Отгонтэнгэр хайрханы бэлээс орой хүртэл явганаар найман цаг алхаж хүрдэг. Отгонтэнгэр хайрхан нь далайн түвшнээс 4031 метр өндөр бөгөөд ууланд авирагчид оргилоос 50 метр орчим газарт гурван хэсэг цуваа болж явж байх үеэр цасан нуранги үүсч, урд хэсэгт нь явж байсан 17 уулчин нурангид өртөж сураггүй болоод байна. Нөхцөл байдлын талаар Завхан аймгийн засаг дарга н.Батсайхантай холбогдож нөхцөл байдалтай холбогдуулж үүрэг чиглэл өгсөн.

-БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ АВИРАЛТ ХИЙЛГЭХГҮЙ ГЭЖ ЭСЭРГҮҮЦЖЭЭ-

Уулнаас бууж ирсэн хүмүүсээс 2 уулчин, 1 жолооч буцаж авиралт хийж ослын газрыг шалгахад ямар ч хүний ул мөр үзэгдээгүй бөгөөд цас ихээр овоорсон байсан гэдэг мэдээлэл өгсөн. Цаг уурын нөхцөл байдал -2 градусаас доош байсан байна.

Ууланд авирсан хүмүүс явганаар алхагчдын бүлгээс бүрдсэн бөгөөд бүлгээсээ зөвшөөрөл авалгүйгээр явсан байсан. БОАЖ-ын сайдын тушаалаар 2015 оноос хойш Отгонтэнгэр хайрханд авиралт хийхийг хориглосон байдаг. Цаг хугацааны хувьд 20-22-ны хооронд цаг уурын нөхцөл байдал хүйтэрч, цасан шуургатай гэдэг мэдээллийг орон даяар мэдээлж байсан.

7533 УНР, 7793 ХӨ, 8196 ХӨА гэсэн улсын дугаартай гурван фургон машинтай Сүрэнжав, Цэлмүүн ахлагчтай 27 иргэн гурван жолоочтой Отгонтэнгэр хайрханд авирна гэж очиход тухайн бүс нутгийн байгаль орчны хамгаалагч "2015 оны БОАЖ-ын сайдын гаргасан тушаал, аялал жуулчлалын дүрэм журмыг танилцуулж, авиралт хийлгэхгүй гэж муудалцсан байна. Гэсэн ч гурван фургонтой авирагчид 2017 оны 10 сарын 21-ний өглөөний 7 цагт авиралт хийхээр зөвшөөрөлгүй нэвтэрч авиралтаа эхлүүлсэн байсан. 

Сураггүй болсон 17 хүний 5 нь эмэгтэй 12 нь эрэгтэй юм байна. Тэд бүгд сайн дураар ууланд алхагчдын клубт элсэн, нэгдэж алхалт хийдэг байжээ. Сураггүй болсон хүмүүсийн “Оргил өөд” клубээс 1 хүн, "Хамтдаа алхацгаая" клубээс 1 хүн, "Хайрхан" клубээс 1 хүн, "DCI hiking" клубээс 1 хүн, "Sky runing" клубээс 1 хүн “Сонирхогчийн клуб”-ээс 6 хүн болон бусад клубээс 6 хүн багтжээ. Сураггүй болсон иргэдийн дунд гэр бүлийн дөрвөн хүн байжээ.