Сурагчид нь зодоон хийсэн сургуулийн захирал ажлаа өгнө


Энэ сарын 3-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын ахлах сургуульд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид доод ангийн хүүхдүүдээ зодож, хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан талаархи мэдээлэл цацагдав. Тодруулбал ангийнхаа хаалгыг дотроос нь түгжиж, охидынхаа нүдэн дээр цус нөжтэй нь хольж, газар унагаан дэвсэлсэн гэх мэдээлэл байна.Ахлах ангийнхандаа зодуулсан арваннэгдүгээр ангийн 20 сурагч аймгийнхаа эмнэлэгт хүргэгдэн очиж, нарийн шинжилгээ өгчээ. Зодуулсан хүүхдүүд зөөлөн эдийн гэмтэл авахаас гадна чихний хэнгэрэг хагарсан, тархиндаа суурь ясны бэртэл гэмтэл авсан, тархины доргилттой гэсэн оноштойгоор эмчилгээ хийлгэсэн байна. Хүүхдүүд толгой байнга өвдөж, бөөлжис цутган, дотор гэдэс халуу оргиж өвдөж, нүүр, нүд, хамрын орчимд хөндүүрлэн өвдөж байна хэмээн эмч нарт хэлжээ” хэмээсэн байв.Мөн зодуулсан гэх хүүхдийн ээж ярихдаа “Манай хүүхдийн биеийн байдал тийм ч сайнгүй байна. Толгой нь эргээд дотор нь муухай оргиод байна гээд байгаа. Одоогоор хичээлдээ явахгүй, гэртээ хэвтэж байна. Аймгийн эмнэлэг зөөлөн эдийн гэмтэлтэй гэх онош тавьсан байсан. Гэтэл манай хүүхдийн гэдэс хэвлийн дотор талаар халуу шатаж, байж суух аргагүй болоод байна гэсэн.Бас гар, тохой, хөлөндөө хөхрөлт няцралттай байна. Удахгүй Улаанбаатар хот руу явж шинжилгээ хийлгэдэг юм билүү гэж бодож байгаа. Дотор эрхтэн нь гэмтээд дотуур цус шүүрээд байж магадгүй гэж таамаглаж байна. Энэ зодооны үеэр хажууд нь байсан охид инээж, баярлаж хөөрч байсан гэсэн.

Бүр ангийнхаа хүүхдүүдийг “Чи тэрнээс айгаагүй юм бол очоод цохиод ав. Чи айгаад байгаа юм биш үү” гэсэн байсан. Бүр ангийнхаа хөвгүүдийг “Чи ямар гоё цохидог юм бэ. Дахиад цохь” гэж хүртэл хэлсэн байдаг.Хөвгүүд нь охидоо хараад улам бүр хөөрч, хэн нь доод ангийнхаа хөвгүүдийг нам цохиж унагаах вэ, цус нөжийг нь гоожуулах вэ гээд л уралдаж зодсон байсан. Эмэгтэй хүмүүс байж зодооныг салгахын оронд бүр хөвгүүдээ улам хөөргөж, шордож хатгаж, бусдыг зодуулсан гэхэд итгэхээргүй юм болсон байна лээ. Би гомдолтой байгаа. Энэ асуудлыг ингээд зүгээр өнгөрөөж болохгүй” хэмээн ярьжээ. Мөн энэ хэргээс болж Баруунтуруун сумын ахлах сургуулийн захирал С.Пүрэвцэрэн ажлаас халагдах өргөдлөө өгчээ.