...Хар тамхины дуулианд нэр нь холбогдсон хүүгээ буруутай нь тогтоогдвол цаазлах тушаал өгөхөө Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертэ мэдэгдлээ. Сөрөг хүчний парламентын гишүүн түүний хүү Пауло Дутертэг Хятадаас Филиппинд их хэмжээний метамфетамин хэмээх мансууруулах бодис нууцаар оруулж ирдэг Хятадын триадын (мафи) гишүүн байсан гэх баримтыг тараасан юм.
Энэ үйл явдлын дараа буюу өчигдөр Ерөнхийлөгч Дутертэ Засгийн газрын албан хаагчдын өмнө үг хэлэхдээ “Хэрвээ энэ хэрэг үнэн бол чамайг /Пауло Дутертэ/ алах тушаалыг би өгнө. Бүр чамайг алах даалгавар авсан цагдааг ч хамгаалах болно гэж би түүнд хэлсэн” гэж ярьсан байна.
Өнгөрсөн оны дундуур Филиппиний ерөнхийлөгчөөр сонгогдсон 72 настай Родриго Дутертэ нийгмийг цэвэрлэхийн тулд 100,000 хүртэл тооны донтогсод, хар тамхины наймаачдыг устгахаа амлаж байсан юм. Өнөөдрийн байдлаар түүний дайнд 3,800 орчим хүн алагдаж, дахин хэдэн мянган хүн тодорхойгүй шалтгаанаар алагдаад байна.

...Солонгосын Кёнги дүүргийн Засаг дарга Нам Кёнг Пил энэ сарын 19-ний өглөө хэвлэлийнхэнд мэдээлэл өгчээ. Тэрбээр “Миний хүү байж боломгүй гэмт хэрэг үйлдсэн. Би түүнд хуулийн дагуу хамгийн хүнд ял оноохыг хүсч байна. Харин эцэг хүний хувьд хүүхдээ хүмүүжүүлж чадаагүйдээ намайг Засаг даргаар сонгосон Кёнги дүүргийн 10 сая гаруй иргэнээс уучлалт гуйя. Энэ хэрэгтэй холбогдуулан манай намын зүгээс надад хүлээлгэх бүх шийтгэлийг би хүлээж авна. Надад уучлаарай гэж хэлэхээс өөр үг олдохгүй байна” хэмээн мэдэгджээ. Учир нь түүний 26 настай хүү цагдаагийн байгууллагад мансууруулах бодис хууль бусаар хил давуулсан, бусдыг мансууруулах бодис хэрэглэх явдалд уруу татсан, өөрөө хэрэглэсэн, хадгалсан хэргээр саатуулагдсан байна. Нам Кёнг Пилийн хувьд улс төрчдийн дунд рейтинг өндөртэй нэгэн бөгөөд тэрээр ирэх жил болох Засаг даргын сонгуульд дахин өрсөлдөхөөр бэлтгэж байсан
Харин Монголд...

Хар тамхины хэрэгт холбогдсон хүүхдүүдээ хамгийн хүнд ялаар шийтгэх шийдвэр гаргасан Филиппиний Ерөнхийлөгч, БНСУ-ын Кёнги дүүргийн Засаг даргын гайхалтай ёс суртахуун, улс төрийн соёлыг сайшаахгүй байхын арга алга. Тиймээс ч тэдний мэдэгдлийг дурдаж, жишээ болгон дээр өгүүлсэн нь учиртай. Өнөөдөр "цагаан тахал" нэрээрээ алдаршиж, дэлхий дахиныг айдаст автуулаад буй "Хар тамхи"-ны хэрэг нэгэнт газар авсан. "Монгол хүний удмын санд хар тамхины хор хөнөөл нөлөөлж эхэлсэн" судалгааг ч мэргэжилтнүүд гаргаад амжсан нь "Хар тамхи" Монголд ямар аймшгийн хэмжээнд хүрснийг бэлхнээ нотолно.
Цагдаагийн байгууллагад энэ төрлийн гэмт хэрэг ихээр бүртгэгдэж, шүүхээр шийдвэрлэгдэх хэргийн тоо өссөөр байгаа нь "Хар тамхитай тэмцэх" хатуу бодлого дутагдаж байгаагийн илрэл юм. Бүр сүүлдээ Монголын нэртэй төртэй улс төрчдийн хүүхдүүд, олны танил алдартнуудын "эрх жаалууд" энэ төрлийн гэмт хэрэгт нэр нь холбогдож, нийтэд ил болж эхэлснийг уншигч та санаж буй биз ээ.
Ганцхан жишээ энд дурдъя.
Энэ оны эхээр нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Рояал Кэстл” хотхоны 103 дугаар байрны 13 дугаар давхраас Баянгол дүүргийн харьяат 21 настай Х унаж амь насаа алдсан хэрэг гарч байв. Тус хэрэгт 10 залуу, нэг эмэгтэй холбогдсон гэх мэдээлэл байдаг.
Тодруулбал, тухайн үед “Женко” Баттулгын, одоо бол Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийн хүү Б.Хүлэгү, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цог, Монгол банкны Ерөнхийлөгч агсан О.Чулуунбатын хүү, “The colors” хамтлагийн гишүүд байсан талаар эх сурвалжууд мэдээлсэн. Тэдэнд Эрүүгийн хуулийн 188.2, 192.3.4, 192.2, 192.1-д зааснаар хэрэг үүсгэн цагдаагийн газраас шалгасан байдаг. Улмаар тэднийг ICE буюу мөс хэлбэрийн хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй ч гэх мэдээлэл тархаж байв. Энэ хэрэгтэй холбоотой маш ноцтой мэдээллүүдийг эх сурвалжууд олонтаа дэлгэж тавьж байсан ба энд дэлгэрүүлсэнгүй.
Хамгийн гол нь дээр нэр нь дурдагдсан залуусын ихэнхи нь Монголын нэр нөлөө бүхий улс төрч, өндөр албан тушаалтнуудын хүүхдүүд байгаа юм. Тэдэн дунд өмнө хар тамхины хэргээр ял сонсож, Өршөөлийн хуулиар суллагдсан Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цог ч багтсан байгааг анзаарч буй бизээ. Мөн УИХ-д хэдэнтээ сонгогдож, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан, одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хүү Б.Хүлэгү хүртэл байх. Өөрөөр хэлбэл, Монголын нэр хүндтэй улс төрчид, албан тушаалтнуудын хүүхдүүд хар тамхины хэрэгт нэр нь холбогдож, нийтэд зарлагдчихаад байхад тэдний хэн нь ч энэ талаар мэдэгдэл хийж, ард түмнийхээ өмнө мэхийсэн удаагүй. Энэ бүхэн нь өнөөдөр Монголын улс төрчдөд улс төрийн соёл, хувь хүний ёс суртахуун төлөвшөөгүй байгааг харуулж байна. Филиппиний Ерөнхийлөгч шиг "Хүүгээ өөрөө яллана" гэж хатуурхах нь хаашаа юм. Ядаж л "Миний хүү ийм хэрэгт нэр холбогдсонд нийт сонгогчдоосоо уучлалт хүсье" гэсэн мэдээллийг манай "эрхмүүд" гаргуулчихаж нэг болно доо. Кёнги дүүргийн Засаг дарга шиг "Хүүдээ хамгийн хүнд ялыг оноохыг хүсэх" нь яамай. Ядаж л "Хүүгээ хүмүүжүүлж чадаагүй, ийм хэрэгт нэр нь холбогдсонд хүлцэл өчье" гэж Монголынхоо ард түмний өмнө бөхийж нэг болно доо, манай "нөхдүүд".
Энд хүний муу үзэх, эсвэл хэн нэгэн эрх мэдэлтнээс уучлалт гуйлгахыг бичигч би огтхон ч хүссэнгүй ээ. Гагцхүү ёс суртахуун, улс төрийн соёл Монголын нийгэмд төлөвшөөсэй гэсэн үүднээс л үүнийг өгүүллээ.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар санал солилцов
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай байна
Ховд, Баян-Өлгий аймгийн сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна
“Баянхошуу дэд төв”-ийн 150 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 92 хувьтай үргэлжилж байна
“BYD” компани батарейд суурилсан нийтийн тээврийн Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа