Улаанбаатар хот бүхэлдээ утаатай байна


Ойрын хоёр хоног Улаанбаатар яг л өвөл цагийнх шигээ утаа униар дунд байна. Ялангуяа өнөөдөр хотын утаа эрс нэмэгдэж, үзэгдэх орчин хязгаарлагдаад байна. Энэ бол түймрийн хэмжээ хязгаарыг илэрхийлж буй хэрэг.  Төв аймаг, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт гарсан түймрийн улмаас Улаанбаатар хот өнөөдөр өглөөний байдлаар бүхэлдээ утаатай, хоолой хорсож, нүд аргасан, бүгчим халуун байна. Ялангуяа Батсүмбэрийн ойр орчимд гарсан түймэр  хот  суурин газар руу улам бүр дөхсөөр байна гэсэн мэдээлэл байна. Түүнчлэн Сэлэнгийн Түнхэл тосгонд  түймэр тун ойртож ирсэн учир оршин суугчдыг нүүлгэх асуудал ч яригдаж байгаа аж. Онцгой байдлын ерөнхий газрын албаныхны мэдээлснээр өчигдрийн /2017.07.15/ байдлаар улсын хэмжээнд 21 түймэр асч байгаа бөгөөд үүний тав нь одоогоор хүн, хүч хүрэх бололцоо муутай ой хөвчид гарч байгаа. Харин түймрийн 16 голомтод ОБЕГ-ын болон орон нутгийн нийт 700 гаруй албан хаагч, 30 машин техник ажиллаж байгаа ажээ. Түймрийн голомтыг орон нутгийн байрлалаар үзвэл Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, мөн Булган аймгийн Сэлэнгэ, Хутаг-Өндөр сумаас гадна Төв аймгийн Батсүмбэр суманд хамгийн олон буюу таван түймэр асаж байна. Одоо Улсын онцгой комисс хуралдаж байгаа гэсэн мэдээлэл байна. Түргэлж шуурхайлахгүй бол Онцгой комиссынхон асуудлын араас л яваад байна гэсэн үг. Шуурхай зохион байгуулалтыг газар дээр нь хийж, хүн хүч, тэрэг техникээ зөв хуваарилж ажиллах нь юу юунаас чухал болоод байна. Цаг уурчдын өгч байгаа мэдээллээр бол өнөөдөр баруун болон төвийн нутгаар түр зуурын бороотой гэж байгаа ч одоогоор бороо орчих болов уу гэсэн горьдлого найдвар тун бага байна. Харин үүлэнд зориудаар нөлөөлөх боломж хэр байгаа нь тодорхойгүй.