Долдугаар сарын 16-ныг хүртэл автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй


Цагдаагийн ерөнхий газраас Үндэсний их баяр наадмын үер цагдаагийн байгууллагаас хийж гүйцэтгэх арга хэмжээ, хэв журам, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хэрхэн хангаж ажиллах талаар мэдээлэл хийлээ. 

 

ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, цагдаагийн хурандаа П.Энхтогтох “Үндэсний их баяр наадмаар наадамчин олны аюулгүй байдлыг хангах чиглэлээр бэлтгэл ажлаа хангаад байна. Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн долдугаар сарын 06-14-нийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна.Улаанбаатар цагдаагийн хүрээний 58 байгууллагын 3826 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ. Үндэсний сурын харваа, Төв цэнгэлдэх хүрээлэн, нийслэлийн ногоон бүсэд автомашин, унадаг дугуй, морьтой хөдөлгөөнт эргүүлийн үүргийг 698 алба хаагч гүйцэтгэнэ. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг орчимд 24 цагийн ажиллагаатай постууд ажиллана. Түүнчлэн Туул голын сав газруудад НОБГ-тай хамтарсан завьт эргүүлүүд ажиллаж байна. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгийн орчимд хяналтын камерууд суурилуулсан” гэлээ.

 

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албан дарга Ё.Отгонбаяр “Энэ жилийн наадмыг 550 орчим сэтгүүлч сурвалжлах эрх авсан. Мөн баяр наадмын үйл ажиллагааг ТВ-9, ТВ-5, ТВ-25  тэргүүтэй Монголын телевизүүдийн холбоо болон “Монгол” HD, МҮОНТВ шууд дамжуулна. Үүний зэрэгцээ гадаадын 80 орчим сэтгүүлч сурвалжилна” гэв.

 

-Автомашины 6000 зогсоол шинээр бий болгожээ-


 

Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат “Баяр наадмын үеэр цагдаагийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна. Үүнээс гадна та бүхэндээ мэдээлэхэд, нэгдүгээрт, Долдугаар сарын 07-ны өдрөөс 16-ны өдрийг дуустал дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Хоёрдугаарт, автомашины А, Б, Ж, К, Ү цэнхэр, ногоон, улаан зөвшөөрлийг олгож байгаа бөгөөд “Оргил”, “Дүнжингарав” болон нэг цэгийн худалдааны газруудаас авч болно. А, Б, К, зөвшөөрөлтэй жолооч нар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн шинэ зогсоолын 3, 4, 5, 6 давхарт байрлана. Г, Ү жолооч нар өнгөрсөн жилийнхээ зогсоолд байрлана. Энэ жил 6000 машины зогсоолыг шинээр нэмсэн.

 

Харин “Хүй долоон худаг”-т 7000 автомашины зогсоол байгаа. Тиймээс жолооч нар тавигдсан тэмдэг, тэмдэглэгээний дагуу тээврийн хэрэгслээ байрлуулах хэрэгтэй. Дүнжингарав, “Мишээл экспо” орчимд том оврын тээврийн хэрэгслийн нөөц зогсоол бий.Мөн том оврын нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгслүүд үйлчилгээнд явна. Нэг чиглэлийн хөдөлгөөнд хөдөлгөөний нөхцөл байдлаас хамаарч долдугаар сарын 12-нд буюу “Соёолон” насны морьдын уралдааны үеэр Арханай аймаг руу салдаг уулзвараас “Хүй долоон худаг”-руу зорчих хэсгийг нэг чиглэлийн хөдөлгөөнд оруулна. Бусдыг нь тухай бүр мэдээлнэ. Явган зорчигчдод зориулж, шинээр гарц нэмж ажиллаж байна” гэж мэдээллээ.

Нийтийн хэв журмыг хангах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Ганзориг“Цагдаагийн байгууллага НОБГ, НМХГ-тай хамтран ажиллаж байна. Иргэд, наадамчин олон маань заагдсан маршрутын дагуу зорчих хэрэгтэй. Оюун цагдаа, олон нийтийн цагдаа ажиллаж байгаа. Тиймээс тэднээс мэдээлэл авч болно” гэв.