ЭРҮҮГИЙН ХУУЛЬ: Эх орноосоо урвах заалтаа чангалсан ч хар тамхины хэрэглээнд найр тавьж өглөө


-ЭХ ОРНООСОО УРВАГЧДЫГ 8-12 ЖИЛИЙН ЯЛ СОНСГОЖ “ТОЛГОЙГ НЬ ИЛЭХ” 
ЗААЛТЫГ ЧАНГАТГАЛАА-


Ирэх сарын 1-ний өдрөөс Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлнэ. Уг хуулийн төслийн жинхэнэ автороор өнгөрсөн парламент нэрлэгддэг. Гэвч шинэ Засгийн газар хэлэлцэх хугацааг нь сунгах замаар танигдахын аргагүй өөрчилсөн билээ.

Намрын чуулганаар шинэ Засгийн газрын санаа тусгагдаж батлагдсан уг хуулийн төсөлд хаврын чуулганы хугацаанд хоёр ч удаа нэмэлт, өөрчлөлт орж амжив. Эхний удаад Зөрчлийн хуулийн өөрчлөлттэй холбогдуулан Эрүүгийн хуулинд гэр бүлийн хүчирхийллийн заалтыг дахин эргэж харах шаардлага үүссэн. Ерөнхийдөө энэ өөрчлөлт парламентын босгоор хурдан ч давсан гэж болно.


Уг өөрчлөлтийн дараа О.Баасанхүү гишүүн мэдээлэл хийж, Эрүүгийн хууль дахь “Эх орноосоо урвах” заалтыг хэт бүдгэрүүлсэн асуудлыг шүүмжлэв. Тухайн үед эрх баригч нам болон Тагнуулын ерөнхий газраас хүртэл мэдэгдэл гаргаж, О.Баасанхүү гишүүнийг “хийрхлээ” гэж дүгнэж байв.

О.Баасанхүү гишүүний шүүмжилсэн гол өнцөг нь, эрх орноосоо урвах заалтыг зөвхөн дайн байлдааны онцгой үед ашиглахаар зааж өгсөн явдал. Ингэснээр энгийн цагт гадны тагнуулын байгууллагад мэдээлэл дамжуулсан, элссэн хувь хүн болон төрийн нууцын мэдээллийг ажил үүргийн шугамаар мэддэг төрийн өндөр албан тушаалтан нарыг уг зүйл ангиар шийтгэхгүй байхаар тусгагдаж өгөөд байв. Уг үйлдлээ хууль санаачлагчид “Объектив байдлаар хоёр салгаж өгсөн. Ердөө л энэ” гэж боловсон маягаар тайлбарлаж өнгөрөхийг завдсан ч олон нийт сошиал орчинд хүчтэй эсэргүүцсэн юм.

Эцэст нь нуун дарагдуулж, чимээгүй байдлаар өнгөрөхөөр зэхэж асуудал нь улайж, Эрүүгийн хуульд дээрх эрүүгийн элементүүдийг нэгтгэж, “Эх орноосоо урвах” зүйл ангид оруулахаар дахин хуулийн төсөл өргөн барив.

 

Ингэснээр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга дахь “Эх орноосоос урвах”  хэсэгт,


НЭГ: Монгол Улсын иргэн Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор дайны, дайн бүхий байдал, зэвсэгт халдлага, мөргөлдөөн, түрэмгийллийн үед дайсны талд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

ХОЁР: Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албанд элссэн; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

ГУРАВ: Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ” гэх заалтууд багтахаар боллоо.

Ийм чухал заалтыг анзааргагүй эсвэл санамсаргүйгээр зөөлрүүлэх ангилалд хоёр салгаад оруулчихна гэж байхгүй. Хэрвээ өмнөх хэлбэрээрээ явсан бол төрийн өндөр албан тушаалтан болон хувь хүнд 8-12 жилийн ял аваад өнгөрөх байв. Улс эх орныхоо нууцад хамаарах мэдээллийг задруулсан эрүүгийн элементэд “Эх орноосоо урвах” заалтаар бүх насаар нь хорих зүйл анги тулгадаг билээ.


-ХАР ТАМХИНД ХАМААРАХ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГЫГ ХЭРХЭН ЗӨӨЛРҮҮЛЭВ-


О.Баасанхүү гишүүний гаргаж тавьсан бас нэг ноцтой асуудал нь Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад хар тамхинд хамаарах зүйл ангийг зөөлчилсөн явдал. Тэрээр уг асуудлаар нэлээд дуугарсан нь өөрчлөлт орж амжилгүй, эрх баригч намынхны тохуурхал дор чуулган түр завсарлалаа.

Хуучин Эрүүгийн хуулийн 192, 196 гэсэн заалтаар энэ төрлийн гэмт хэргийг шийтгэж байсан бол одоо 20.7 гэсэн заалтаар энэ асуудлыг зохицуулахаар болж буй. Өмнө нь "мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодис" гэдэг байсан бол одоо зөвхөн "бодис" болж эм бэлдмэлийг нь байхгүй болгож, ангиллыг бууруулаад байгаа юм. Мөн "борлуулах зорилгогүйгээр авч хадгалсан" тохиолдолд ял шийтгэдэг байсан бол одоо чөлөөлөхөөр тусгагджээ. Ийм маягаар Эрүүгийн хуулинд энэ төрлийн гэмт хэрэгт доод тал нь 10 жилийн ял оноодог байсныг таван жил болгон бууруулжээ.

Зүйчлэл нь ингэж зөөлөрсөн тул Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлүүт хар тамхины хэргээр ял эдэлж буй ялтнууд олноороо суллагдахаар байгаа аж. О.Баасанхүү гишүүн "Хар тамхи хэрэглэх байраар хангасан бол ял оноодог байсныг торгодог болсон. Хуулиар зөвшөөрсөн мөнгө олдог гурван аймшигтай бизнес байдаг. Энэ бол архи, тамхи, эм. Үүнд хатуу хяналт хэрэгтэй. Хуулиар зөвшөөрөөгүй ч асар их ашиг орлоготой, асар их үр дагавартай, аюултай зүйл бол хар тамхи, зэвсгийн наймаа. Аль ч улсад хар тамхины ялаа ингэж зөөллөсөн түүх байхгүй.

Өмнөх хууль ч хар тамхины хэрэгт тийм хатуу байгаагүй. Гэтэл лоббигоор улам хөнгөрүүлж, ял шийтгэлийг гурав дахин багасгалаа. Хар тамхины хэрэгт хэзээ ч ялаас чөлөөлдөггүй. Энэ хэрэг дээр хохирол шаардахаа больсонд харамсаж байна” гэж тодотгоод байгаа юм.


Ингээд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга дахь 20.7. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах хэсгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


1.Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг:

3.1.байнга тогтвортой;

3.2.улсын хилээр нэвтрүүлж;

/Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

4.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж дөчин мянган нэгжээс хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.


Тайлбар: -Энэ зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийг сайн дураараа шилжүүлэн өгсөн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийн хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход идэвхтэй туслалцаа үзүүлсэн, түүнийг үйлдсэн хүнийг илчилсэн, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг илрүүлсэн хүнийг ялаас чөлөөлнө. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийг мөрдөн шалгах ажиллагааны үед гаргуулан авсныг сайн дураараа шилжүүлэн өгсөнд тооцохгүй” гэжээ.

Medee.MN